Венесуэльд цалин, тэтгэврийн доод хэмжээг 50 хувиар нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2017-01-09 10:42:27

КАРАКАС./ВВС/. Венесуэлийн Засгийн газар инфляцитай тэмцэх зорилгоор цалин, тэтгэврийн доод хэмжээг 50 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

Энэ алхам нь ажлын байр болон ард иргэдийн орлогыг хамгаална гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдэв. Харин зарим хүмүүс "энэ шийдвэр хямралыг улам даамжруулна" гэж шүүмжилсэн байна.

Нефтиэр баян Венесуэль улсын эдийн засгийг буруу аргаар удирдаж байна гэж тус улсын сөрөг хүчнийхэн Н.Мадурог буруушаасаар байгаа юм. Үүний хариуд Ерөнхийлөгч хэлэхдээ, улс төрийн өстнүүд болон бизнес эрхлэгчдийн хоорондох зөрчлийн улмаас эдийн засгийн дайн болж байна гэж мэдэгдэв.

Тэрбээр хэлэхдээ, сарын доод цалинг 40 боливар буюу 60 доллар болгож өсгөсөн гэв. Энэ нь цалингийн доод хэмжээг таван жил дараалан өсгөсөн алхам болсон юм. Энэ арга хэмжээ нь төрийн албан хаагчид, зэвсэгт хүчний албан хаагчид, тэтгэвэр авдаг хүмүүст ашиг тусаа өгсөн гэж Н.Мадуро мэдэгдлээ.

Мөн тэрбээр, эдийн засгийн дайн болон мафийн халдлага гарч байгаа энэ үед ажил байр, ажилчдын орлогыг хамгаалах нь зүйтэй гэв.

Венесуэлийн инфляцийн түвшин дэлхийд хамгийн өндөрт ордог бөгөөд тус улсын мөнгөн тэмдэгт болох боливарын ханш маш ихээр унаад байгаа билээ. Олон улсын валютын сангийн тооцоолсноор, энэ онд гэхэд инфляци 1600 хувьд хүрчээ.

Тус улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нефтийн үнэ унасан нь эдийн засгийн хямрал үүссэн гол шалтгаан юм. Үүний зэрэгцээ тус улс хоол хүнс, эм тариа, наад захын хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд ороод байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ