Мансууруулах бодис хэрэглэсэн жолоочийг 30 хоног баривчилна
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.
Уг хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ 2015 оны 7 дугаар сарын 8-нд баталсан. Уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болон эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан. Энэ нь торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулсан. Дээрх зөрчлийн улмаас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон 4900 орчим иргэнд хариуцлага ногдуулж чадаагүй байна. Тиймээс хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд, эсхүл хуульд заасан үндэслэлээр жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүлээлгэх хариуцлагыг торгох шийтгэл байхаар тусгажээ. Харин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулахаар тусгасан хэмээн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт танилцуулав.
2015 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш осол, зөрчлийн тоо буурсан эсэхийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тодруулав. Жилд ойролцоогоор 124 мянга орчим замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль зөрчсөн дуудлага ирдэг байсан бол 2016 онд 24 хувиар буурсан гэдгийг ХЗДХ-ийн сайд хэллээ. Тухайлбал, ослын дуудлага 8 хувь, гэмтсэн хүний тоо 17 хувь, нас барсан иргэдийн тоо 15 хувь, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 25 хувиар тус тус буурчээ. Мөн хуулиар дүрэм зөрчсөн жолооч нарт тавих торгуулийн хэмжээг нэмсэн. Үүний үр дүнд жилд 14 тэрбум төгрөгийн торгууль ногдуулдаг байсан бол 2016 онд 20 тэрбум болж өссөн гэв.
Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, “Монгол Улсад мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох тоног төхөөрөмж, боловсон хүчин хангалтгүй. Мансууруулах бодисын хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Тиймээс ХЗДХ-ийн сайдыг мансууруулах бодисын хэрэглээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ-ын чуулганд хаалттай мэдээлэл хийхийг хүсч байна” гэсэн санал тавив. Дээрх асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийж болно гэдгийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлээд, “Хууль хяналтын байгууллагуудаас Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулж байгаа. Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Н.Амарзаяа, Ц.Цогзолмаа нар автозамын аюулгүй байдал нь зөвхөн осол хийсэн жолооч төдийгүй бусад тээврийн хэрэгслээр үйлчлүүлж буй иргэд, явган зорчигчийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой тул хуулийн төслийг батлах нь зөв гэсэн санал хэллээ.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлснээр үдээс өмнөх хуралдаан завсарлав. Чуулган 15.00 цагаас үргэлжилнэ.
Ч.Ариунболд