Фижид 7.2 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2017-01-04 12:00:15

СИДНЕЙ./АР/.Бүгд Найрамдах Фижи Улсад өнөөдөр хүчтэй газар хөдлөлт болсны дараа цунамигийн аюулын дохио өгчээ. Одоогийн байдлаар ямар хэмжээний хохирол гарсан талаар мэдээлэл ирээгүй байна.

7.2 баллын хүчтэй газар хөдлөлт аялал жуулчлалын төв болох Нади хотоос баруун өмнө зүгт 220 км-ийн зайд орон нутгийн цагаар 09:52 цагт болсон гэж АНУ-ын Геологийн судалгааны төв мэдэгдэв.

Газар хөдлөлт харьцангуй гүехэн буюу 15 км-ийн гүнд болсон байна. Газрын гадаргатай ойр болсон газар хөдлөлт гүнд болсон хөдлөлтөөс илүү их хохирол учруулдаг билээ.

Үүнтэй холбогдуулан Номхон далайн цунамигийн аюулын дохио өгөх төв эргээс 300 км зайд цунами үүсч магадгүй гэсэн дохио өгсөн боловч цаг орчмын дараа дохиог унтраасан байна. Фижигийн нийслэл Сува хотод нэг см өндөр давалгаа үүссэн нь ажиглагджээ.

“Газар хөдлөлтийн улмаас ямар нэг хор хохирол учраагүй. Газар хөдлөлт эргээс хол газарт болсон бөгөөд Сува, Нади хотуудад мэдрэгдээгүй. Харин цунамигийн дохиог асаасны дараа Сува хотын оршин суугчид барилга байшин, гэр орноо орхин дүрвэсэн боловч үдээс хойш тэд гэр, ажил руугаа буцсан” гэж Фижигийн Гамшгийн менежментийн ахлах ажилтан Суниа Ратулеву мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ