Он солигдох мөчид 6 сая долларын үнэт эдлэл хулгайлжээ

Дэлхийд | Сонин хачин
nyamtulga@montsame.mn
2017-01-04 11:03:12

НЬЮ-ЙОРК. /Sputnik/. АНУ-ын Нью-Йорк хотын гурван иргэн он солигдох шөнө тус хотын Баруун 36 дугаар гудамжин дахь үнэт эдлэлийн дэлгүүрийг ухаж, наад зах нь 6 сая доллароор үнэлэгдэх үнэт чулуун эдлэлүүдийг хулгайлсан байна.

Тухайн үед алдарт “Times Square” талбайд бөмбөрцөг доошлох арга хэмжээг үзэхээр хоёр сая гаруй хүн цугласан байсан бөгөөд 7000 орчим цагдаа нар эргүүл хийж байжээ.

Эдгээр гурван залуу 22:00 цагийн үед барилгад нэвтэрсэн боловч бөмбөрцөг доошлох арга хэмжээг эхэлтэл хүлээсэн байна. Ажиглалтын камерын бичлэгийг үзвэл, хулгайч нарын нэг нь утсаар аюулгүй гэсэн дохио хүлээн авчээ. Тэд үнэт чулуунуудыг цүнхэндээ хийснийхээ дараа дэлгүүрийн шатаар буусан байна.

Энэ барилгад ажилладаг нэгэн хүн “New York Post” сонинд ярилцлага өгөхдөө “хулгайч нар энэ барилгын чухам энэ давхрыг сонгон нэвтэрсэн нь надад хачирхалтай санагдаж байна. Тэд энд ирэхээ яаж мэдсэн байх вэ? Энэ хулгайн хэрэгт уг барилгад ажилладаг хүмүүс холбоотой гэдэг нь гарцаагүй” гэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ