Бразилын шоронд үймээн гарсны улмаас 56 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2017-01-03 10:31:14

РИО-ДЕ-ЖАНЕЙРО./VOA/. Бразилын хойд нутгийн Амазонас мужийн шоронгийн хоригдлуудын дунд зодоон болсны улмаас наад зах нь 56 хүн амиа алдсан бөгөөд тэдний зарим нь толгойгоо тасдуулж, зарим нь цавчуулж үхсэн байна. Энэ үймээн нь Бразилын шоронд 1992 оноос хойш гараагүй аймшигт хэрэг юм.

Бразилын гэмт хэргийн хамгийн том хоёр бүлэглэл уг шорон болон тус улсын хойд нутаг дахь хар тамхи зөөдөг замыг хянахтай холбоотой зөрчлийн улмаас зодоон үүсгэсэн нь бослого үймээн болон хувирчээ. Амазонас мужийн эрх баригчид 60 хүн амиа алдсан гэсэн боловч даваа гарагт Олон нийтийн аюулгүй байдлын яам 56 хүн амиа алдсан гэж тодруулжээ.

Үймээний үеэр Манаус хот дахь “Anisio Jobim” шоронгоос хоригдлууд оргосон гэж Амазонас мужийн Олон нийтийн аюулгүй байдлын сайд Серхио Фонтес мэдэгдсэн боловч яг хэдэн хоригдол оргосон тухай мэдээлээгүй байна. Шоронгоос оргосон 40 хоригдлыг баривчилсан гэж тэрбээр мэдэгдэв.

Мөн түүний ярьснаар, 592 хоригдол байрлах ёстой энэ шоронд 1224 хоригдол байсан аж. Энэ шоронгийн үйл ажиллагааг хувийн компани эрхлэн явуулдаг бөгөөд шоронд хэчнээн хоригдол байгаагаас хамаарч улсаас тус компанид мөнгө олгодог байна.

Үймээний явцад шоронгийн 12 хуягийг хоригдлууд барьцаалсан боловч хуягууд ямар нэг шарх, гэмтэлгүйгээр хоригдлуудын гараас мултарч чаджээ. Ням гарагийн үдээс хойш эхэлсэн үймээнийг даваа гарагийн өглөө дарсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ