Марадона “Наполи”-д ажиллах хүсэлтэй байна

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2016-12-24 14:48:10

МОСКВА./TASS/. Алдарт хөлбөмбөгчин Диего Марадона Италийн хөлбөмбөгийн “Наполи” клубт ажиллах хүсэлтэй байгаа бөгөөд тус багийн төлөөлөгчидтэй энэ талаар хэлэлцээ хийж байна гэж Марадонагийн бие төлөөлөгч Стефано Чечи ярьсныг "Football Italia" цахим хуудсанд иш татан дурджээ.

“Хэлэлцээ хийж байна. Марадонад багийн хамт олны уур амьсгал хэрэгтэй. Тэрбээр тоглогчидтой хамт байхыг ямагт хүсдэг. Багийн менежерт хамгийн сайн тохирох хүн бол Марадона. Энэ хүн “Наполи” баг болон түүний хөгжөөн дэмжигчдэд хайртай” гэж Чечи ярьжээ.

Хөлбөмбөгийн түүхэн дэх шилдэг тоглогчдын нэг болох Марадона 1984-1991 онд “Наполи” клубт тоглож байсан билээ. Энэ хугацаанд тэрбээр 259 тоглолтод оролцон 115 гоол оруулсан нь тус клубын хувьд дээд амжилт юм.

Марадона 2012 онд Арабын Нэгдсэн Эмирт улсын “Аль-Васл” клубын ерөнхий дасгалжуулагчийн ажлаас халагдсанаас хойш ажилгүй байгаа аж.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ