Афганистаны парламентын гишүүний орон гэрт халджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-12-22 11:35:08

КАБУЛ. /ВВС/. Афганистаны “Талибан” бүлэглэлийн босогчид Кабул хот дахь парламентын гишүүний гэр рүү халдаж, наад зах нь 5 хүний амийг хөнөөснөө мэдэгджээ.

Халдлага Хильменд мужаас сонгогдсон парламентын гишүүн Мир Валигийн хувийн эзэмшлийн газарт болсон байна. Парламентын гишүүн амьд гарсан боловч түүний хоёр ач охин амиа алджээ.

Хэргийн газарт байгаа аюулаас хамгаалах хүчнийхний мэдээлснээр, зэвсэгт этгээдүүд хүмүүсийг барьцаалсан байна.

2016 онд Кабул хотод аюулгүй байдал эрс муудсан билээ.

Лхагва гарагийн орой гурван зэвсэгт этгээд халдлага үйлдэж, тэдний нэг нь байшин дотор бөмбөг дэлбэлж, амиа золиосолсон гэж “Tolo” агентлаг мэдээллээ. Үүний зэрэгцээ Кандагар мужаас сонгогдсон парламентын гишүүний 25 настай хүү болон аюулаас хамгаалах хүчний хоёр албан хаагч амиа алдсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ