Х.Клинтон 3 сая орчим хүний санал илүү авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-12-21 12:49:05

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампаас гурван сая орчим хүний санал илүү авсан байна гэж “Cook Political Report” агентлаг мэдээлжээ.

АНУ-ын 50 муж улс, түүнчлэн нийслэл Вашингтон хот санал хураалтын тооллогын дүнгээ баталгаажуулан хүргүүлсэн гэж тус агентлаг өчигдөр жиргэсэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Клинтон нийт 65 844 610 хүний санал буюу нийт иргэдийн 48.2 хувийн саналыг авсан бол Д.Трамп 62 979 636 хүний буюу 46.6 хувийн санал авсан байна. Үүнээс үзвэл Х.Клинтон Д.Трампаас 2 864 974 санал илүү авчээ.

Харин Эрх чөлөөний намаас нэр дэвшигч Гэри Жонсон, Ногоон намын нэр дэвшигч Жилл Стейн нар нийлээд 7 804 213 хүний санал буюу 5.7 хувийн санал авсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ