Европ, Азийг холбосон туннель нээгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-12-21 10:19:05

ИСТАНБУЛ. /Anadolu/. Европ болон Ази тивийг холбосон 1.3 тэрбум долларын өртөг бүхий хонгилыг /туннель/ нээх ёслолын ажиллагаа Туркийн Истанбул хотод боллоо. Нээлтийн ажиллагаанд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Ерөнхий сайд Бинали Йылдырым нар оролцжээ.

“Европ, Ази тивийг холбож буй энэ хонгил нь Истанбул хот болон Турк улсад маш их өгөөжтэй байх болно гэж найдаж байна. Евразийн туннелийг барих нь Туркэд хэрэгжүүлэх хамгийн төслүүдийг нэг байсан” гэж Бинали Йылдырым мэдэгдсэн байна.

“Байлдан дагуулагч Мехмет Истанбулыг эзлэхдээ хөлөг онгоцнуудыг газраас явуулж байсан бол одоо түүний хойч үеийнхэн болох Режеп Тайип Эрдоган болон түүний хамтран зүтгэгчид галт тэрэг, автомашиныг далай доогуур явуулж байна” гэж тэрбээр нэмж хэлэв.

Мөн тэрбээр ОХУ-аас Туркт суугаа Элчин сайд Андрей Карловын амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан хэлэхдээ “террористууд дахин нэг удаа өөрсдийн бузар нүүр царайгаа харууллаа. Энэ хэрэг бол Турк-ОХУ-ын харилцаанд сэв суулгахад чиглэсэн өдөөн хатгалга гэдэгт эргэлзэх зүйл алга” хэмээн мэдэгджээ.

Туркийн хамгийн том хот болох Истанбулын дундуур урсдаг Босфорын хоолой доогуур тавьсан энэ туннель нь тус хотын хоёр захын цэг буюу Ази-Европын хооронд зорчих хугацааг асар ихээр хэмнэх юм.

Хоёр давхар энэ туннелийг барихад дөрвөн жил зарцуулсан байна. Туннелийн нийт урт нь 14.6 км бөгөөд хамгийн чухал хэсэг нь Босфорын хоолойг гатлах 5.4 км урт хонгилын хэсэг юм.

Туркийн Тээврийн яамны мэдээлснээр, автомашинтай хүмүүс 4 доллар, бага оврын автобуснууд 6 доллар төлж энэ туннелиэр зорчих ажээ. 

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ