“Хяналт шийдвэрлэлт-2016” aрга хэмжээний дүнд малын хулгайн хэрэг буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-19 14:40:50

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас санаачлан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Хяналт шийдвэрлэлт-2016” нэгдсэн арга хэмжээг 40 хоногийн хугацаанд зохион байгуулсан нь үр дүнгээ өгчээ.

Хяналт шалгалтын хүрээнд зөрчил гаргагчдад 7.5 сая төгрөгийн нөхөн төлбөр тавьж, 189 иргэнээс улсын төсөвт 16.8 сая төгрөгийн, орон нутгийн төсөвт 198.1 сая төгрөгийн татварыг нөхөн төвлөрүүлжээ. Мөн байнгын постонд ажилласан алба хаагчид тухайн сард үйлдэгдсэн малын хулгайн 2, өмчийн хулгайн 4, танхайн 1, бусад төрлийн 1 гэмт хэргийг хяналт шалгалтаар илрүүлж, хөдөлгөөнтөөр ажилласан ажлын хэсгүүд урьд саруудад үйлдэгдсэн малын хулгайн 3 хэргийг нөхөн илрүүлсэн байна.

Арга хэмжээний хүрээнд аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэстэй хамтран Хэрлэн, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Баян-Овоо, Батноров, Галшар, Дархан сумын нутаг дэвсгэрийн хөл хөдөлгөөн ихтэй газруудад байнгын хяналтын 9, хөдөлгөөнт эргүүлийн 2 пост гарган ажиллажээ. Мөн цагдаагийн 61, онцгой байдлын 5, мэргэжлийн хяналтын 12, байгаль орчны 12, татварын 3, хүнс хөдөө аж ахуйн 13, нийт 106 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн аж.

Шалган нэвтрүүлэх постуудаар 12034 тээврийн хэрэгсэл, 29883 зорчигчийг шалган, 82097 мал, мах, 369.8 м3 мод, 70 тн жоншны гарал үүслийг баталгаажуулан нэвтрүүлжээ.

Хяналт шалгалтын явцад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 684, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8, гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн 30, зохих зөвшөөрөлгүйгээр ан агнасан 3, мод бэлтгэсэн 3, нийт 728 зөрчил илрүүлэн, зөрчил гаргагч 723 иргэнийг 22.1 сая төгрөгөөр торгон, мод 1.5 м3, хуш модны самар 3 тн, ан амьтан 5, галт зэвсэг 2, согтууруулах ундаа 30 ширхэгийг хураан авч, 22843 иргэнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, сэрэмжлүүлэг хүргэсэн байна.

Алба хаагчдыг хэвийн нөхцөлд ажиллуулахад зориулж, аймгийн Засаг даргын нөөцөөс шатахууны зардал 3.0 сая төгрөг, сумдын Засаг даргын тамгын газруудаас байр, хоолны зардалд 2.2 сая төгрөг зарцуулсан дүн мэдээ гарчээ. 

Д.Одонтунгалаг
 

Холбоотой мэдээ