Иргэдийн гомдлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-16 16:56:06

Аймгийн хэлтэс, албадын дарга нарын ээлжит шуурхай хуралдаанаар аймгийн Засаг дарга Г.Ганболд иргэдээс ирж байгаа санал гомдлуудыг түргэн шуурхай шийдвэрлэж байхыг дарга нарт үүрэг болголоо.

Хуралдааны үеэр өнгөрөгч 7 хоногт Мэдээлэл шуурхай удирдлагын төвд иргэдээс ирсэн гомдол саналыг танилцууллаа. Иргэдээс тус төвд 20-иод гомдол санал иржээ. Тухайлбал цас орсны дараа албан байгууллагууд, ААН-үүд ойр орчмын цасаа цэвэрлэхгүй, холбогдох албанаас төвийн авто замууд болон уулзваруудаар давс цацахгүй байгаагаас халтиргаа, гулгаа үүсдэг талаар иргэд гомдолложээ.

Мөн Арвайхээр сумын хэмжээнд мотоцикльтой иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг сумын ИТХ, Цагдаагийн газраас гаргасан боловч ямар хугацаанд аль авто замуудаар зорчихгүй байх талаар мэдээллийг иргэдэд хүргээгүй, хөдөөнөөс орж ирсэн мотоцикльтой иргэдэд тухайн шийдвэрийг хэлэлгүйгээр журамлаж, торгож байна гэсэн гомдол ирсэн байна.

Түүнчлэн хотын гэрэлтүүлэг, золбин ноход, БОЭТ-ийн ажил үйлчилгээ, Мэргэд сургуультай холбоотой гомдол саналууд иргэдээс ирснийг шуурхай хуралдаанаар хэлэлцлээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ