Тэргэнцэртэй иргэд маань гарын уртай хүмүүс байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-14 22:21:28

Дархан-Уул аймгийн “Тэргэнцэртэй иргэдийн холбоо”-ны дарга Б.Зоригоохүүтэй ярилцлаа.

-Холбоо маань 2011 онд тэргэнцэртэй иргэдийн дуу хоолой болж далд байгаа ХБИ-ийг ил гаргаж сургалтад хамруулж ажил хөдөлмөрт сургаж нийгэмшүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид тэр цагаас хойш тэргэнцэртэй иргэддээ үйлчилж хэвтэрт байгаагийнх сэтгэл санааг нь дэмжихийн тулд олон сургалт, зөвлөгөөнд хамруулж ирлээ. Үүний үр дүнд нийгэмшиж ажил хөдөлмөр эрхэлж байгаа олон хүн байна. Жишээлбэл аймгийн ХХҮГ-тай хамтарч компьютер, эсгий бойтог, арьс ширэн эдлэлийн сургалт явуулснаар “Сэтгэлд шингэсэн үйлс” ТББ, “Хөгжил бизнес төв” зэрэг бүлэг, нөхөрлөл бий болж хамтарч хөдөлмөр эрхэлдэг боллоо.

Мөн холбооны гишүүд болох н.Пүрэвхүү “Амьдрах арга ухаан” сургалтыг явуулж байна. н.Жанчив маань хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Эдгээрээс гадна гэрээрээ монгол дээл, гутал оёдог, эсгий урлал хийдэг хүмүүс ч байгаа.

-Тэргэнцэртэй иргэдийн хэчнээн хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг вэ?

-Аймгийн хэмжээнд зөвхөн тэргэнцэртэй 70 гаруй иргэн байдгаас нуруу нугас, тулгуур эрхтний гэмтэлтэй, саажилттай 300 орчим иргэн байгаагийн 80 орчим хувь нь манай холбоонд харьяалагддаг. Тэд маань хөгжлийн бэрхшээлтэй гээд алгаа тосож суулгүй хамтарч ТББ болон сургалтын төв нээж хөдөлмөр эрхэлж байна. Мөн хувиараа ногоо тарин юм оёж, хэвлэлийн эх бэлтгэж, таксины жолооч хийх болон төрийн, төрийн бус байгууллагуудад нийт 100 гаруй хүн ажиллаж хөдөлмөрлөж байна. Би аймгийн Нийтийн Аж ахуй үйлчилгээний газарт мужааны ажил эрхлээд дөрвөн жил болж байна.

-Эрүүл мэндийн үйлчилгээг та нар маань хэрхэн авч байна?

-ХБИ-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодог хурал болдог. Энэ хурлаар орохоор очиход зарим эмч нар эмнэлэгт үзүүлсэнгүй, хэвтсэнгүй, эмчилгээ хийлгэсэнгүй, бичилт хийлгээгүй байна гэж буцаадаг. Гэтэл зарим эмч нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж сувилуулах гэхээр одоо эмчилгээ байхгүй, хэвтэж яах юм бэ, ямар ч хэрэггүй гээд байдаг. Би 18 настайдаа хөдөө ажлаар явж байгаад осолд орж суумгай болсон. Мэдээж тэр үед сэтгэл санаагаар унаад хүний нүүр харж чадахгүй хаяа эмнэлэг явах гээд үүрүүлээд явж байхдаа үүрүүлж яваа хүнийхээ нуруунд нүүрээ нуугаад л явдаг байсан. “Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”-ны хүмүүстэй уулзаж ярилцаад сургалтад суугаад их өөрчлөгдсөн. Бусад хүнээс ялгарах юм нь би алхаж л чадахгүйгээс биш надад сэтгэж бодох, харах гээд бүх чадвар байгаа учир ингэж амьдарч болохгүй юм байна гэж бодсон. Ер нь гэнэтийн осолд орж хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс бүгд л сэтгэл санаагаар их унадаг. Яг тэр үед нь зөв яриад зөв чиглүүлээд өгвөл амархан сэргэж ялангуяа гэр бүлийнхэн асар их нөлөөтэй. Эцэст нь хэлэхэд аймгийн Засаг дарга болон холбогдох удирдлагуудад 2017 оныг ХБИ-ийн дэд бүтцийг хангасан жил болгож өгөхийг л хүсч энэ асуудалд онцгой анхаарна гэж итгэж байна.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ