Пак Гын Хэ дөрөвдүгээр сард огцорч магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-07 09:48:00

СӨҮЛ./Yonhap/.Ерөнхийлөгч Пак Гын Хэ ирэх оны дөрөвдүгээр сарын эцэс гэхэд огцрох бодолтой байгаагаа илэрхийлсэн гэж Өмнөд Солонгосын эрх баригч “Сэнүри” нам мэдэгдлээ. Ерөнхийлөгч Пак эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх дуулиан шуугиан түүний засаг захиргааг ганхуулаад байгаа юм.

Пак мягмар гарагийн үдээс хойш Ерөнхийлөгчийн ордонд эрх баригч “Сэнүри” намын удирдагчидтай уулзах үеэрээ дөрөвдүгээр сард огцрох бодолтой байгаагаа илэрхийлжээ.

Энэ шийдвэр нь түүнийг огцруулахыг шаардаж буй намынхаа гишүүдийг тайвшруулах гэсэн оролдлого бололтой. Хэрвээ тэрбээр дөрөвдүгээр сард огцорвол зургадугаар сард сонгууль болох юм. 

Сөрөг хүчнийхэн Пакийг эрх мэдлээс нь түдгэлзүүлэх асуудлаар санал хураалт явуулах  тухай саналаа парламентад өргөн бариад байна. 

Уг саналыг эрх баригч намын жирийн гишүүдийн дэмжлэгтэйгээр энэ баасан гарагт баталж магадгүй байна.

Огцрох хугацаагаа тодорхой хэлсэн эсэхээс үл хамааран Пакийг нэн даруй огцруулахыг "Сэнүри" намын жирийн гишүүд шаардсаар байгаа билээ.

Баасан гарагийн санал хураалтаар Пакийг хууль зөрчсөн гэж үзвэл Үндсэн хуулийн шүүх шийдвэр гаргах хүртэл түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ