Улиастайн Хот тохижилтынхон цас цэвэрлэдэг машиныг өөрсдөө хийж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-12-06 01:55:21

Завханы төрийн болон хувийн байгууллагуудын дарга, удирдлагууд долоо хоног бүрийн даваа гарагийн өглөө уулзалт хийж мэдээлэл солилцож хэвшжээ.

Энэ долоо хоногийн мэдээллийн хурлаар аймгийн Засаг дарга Д.Батсайхан мэдээлэл хийлээ. Өвөлжилтийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Өнөөдрийн байдлаар Завханы хойд чиглэлийн дөрвөн сумд цас их хэмжээгээр орж, орон нутгийн чанартай зам, гүүрүүд хаагдсан байгаа учраас аймгийн Засаг дарга нөөц сангаас 6,4 сая төгрөгийг шийдвэрлэж, зам нээх ажлыг өнөөдрөөс эхлүүлсэн байна.

Мөн ОХУ-д хийсэн Завхан аймгийн албаныханы айлчлалын үр дүнгээс хуваалцаж мэдээлэл өглөө. Энэхүү айлчлалын гишүүдийн бүрэлдэхүүнд Улиастай сумын Хот тохижилт үйлчилгээний албаны дарга Н.Ган-Эрдэнэ багтаж,  Кызыль хотын Хот тохижилтын ажилтай танилцаж туршлага судлаад ирсэн. Тус улсад өвлийн улиралд цас арилгадаг гар машин, гурван үйлдэлт автомашин хэрэглэдэг юм байна. Энэхүү машинуудыг төсвийн хөрөнгөөр авахыг урьтал болголгүйгээр Завханы Хот тохижилт үйлчилгээний албаныхан гар машиныг нь ямар ч төсөв хөрөнгөгүйгээр аж ахуйн аргаар хийж, одоо үйлчилгээндээ ашиглаж байна. Мөн зах зээлийн ханшаар 80 сая төгрөгийн өртөг бүхий гурван үйлдэлт автомашиныг мөн л аж ахуйн аргаар хийж байгаа бөгөөд дуусах шатандаа орсоныг дуулгалаа. Энэ мэтээр албан байгууллагын дарга нар аливаа ажлыг хийхдээ төсөв хөрөнгө ярилгүйгээр идэвх санаачлагатай ажиллах хэрэгтэй. Түүнчлэн сахилга хариуцлага, ажлын уялдаа холбоог сайжруулж, байгууллагын дарга, ажилтан бүр ажилдаа сэтгэлээсээ хандаж, ажлын цаг баримталж, тухайн цагийг үр бүтээлтэй өнгөрөөх ёстой. Өөрөөр хэлбэл Завхан аймаг ХӨГЖСӨН АЙМАГ болохын тулд нэн тэргүүнд цагийн менежментийг хэрэгжүүлж үр ашигтай ажиллах ёстойг аймгийн Засаг дарга энэ удаагийн мэдээллийн цагаар онцлов.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ