Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-21 10:33:45

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Монгол Улсын соёлын үнэт өв, түүхийн ховор олдворуудыг хамгаалах, хууль бусаар хил дамнасан эд зүйлсийг эх оронд нь эргүүлэн татах чиглэлээр тасралтгүй, үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.


Энэхүү ажлын хүрээнд ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 14-17-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улс /БНФУ/-ын Парис хотноо албан томилолтоор ажиллажээ.


Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Парис хотноо дараах үндсэн чиглэлээр ажиллаж, зохих үр дүнд хүрсэн байна. Үүнд:

  • Олдворын төлөв байдлын үзлэг, баримтжуулалт: Монгол Улсаас хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудын хадгалалт, хамгаалалтын төлөв байдлыг нарийвчлан үнэлж, мэргэжлийн түвшинд бүртгэлжүүлэн баримтжуулав.
  • Дипломат хамтын ажиллагаа: БНФУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, олдворуудыг албан ёсоор хүлээн авах, тээвэрлэхтэй холбоотой хууль эрх зүйн орчин болон зохион байгуулалтын асуудлуудыг нарийвчлан хэлэлцэж, шийдвэрлэлээ.
  • Тээвэрлэлтийн логистик төлөвлөлт: Олон улсын соёлын өвийн тээвэрлэлтийн чиглэлээр мэргэшсэн "Гроспирон" (Grospiron) компанийн төлөөлөлтэй уулзаж, түүхэн олдворуудыг эх оронд нь аюулгүй, олон улсын стандартын дагуу тээвэрлэн авч ирэх логистикийн төлөвлөгөөг гаргав.

Монгол Улсын Засгийн газар болон ССАЖЗЯ-наас дэлхийн өнцөг булан бүрд буй соёлын үнэт өвөө эрэлхийлэн олж тогтоох, хамгаалах, соёлын өвийн эсрэг хууль бус худалдааг таслан зогсоох чиглэлд олон улсын түвшинд идэвхтэй, тууштай ажиллаж байгаагийн нэгэн бодит илрэл нь энэхүү үйл ажиллагаа болж байна.





 

Холбоотой мэдээ