Үе тэнгийнхний дээрэлхэлтэд “Нэг мөр цэг тавья” хэлэлцүүлэг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-20 17:30:05

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. NTV телевиз, “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллагатай хамтран “Нэг мөр цэг тавья” хэлэлцүүлгийг нийслэлийн 23 дугаар сургууль дээр өнөөдөр зохион байгууллаа.


Энэхүү хэлэлцүүлгийн гол сэдэв нь үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг хөндөв. Сүүлийн үед дээрх сэдэв олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Учир нь, өсвөр үеийнхний нэгнээ дээрэлхэх, цахим буллид өртүүлсэн бичлэг нийгмийг цочроож, энэ талаар олон нийт дуу хоолойгоо өргөх болсон. Зөвхөн сурагчид үе тэнгийнхнээ төдийгүй эцэг, эхийг нь цахимаар дарамтлах үзэгдэл ч гарч буй аж. Үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас олон хүүхэд насан туршдаа сэтгэлийн шархтай болж, зарим нь гэмт хэрэгтэн болцгоож байна. Урьдчилан сэргийлэх, таслан зогсоох тогтолцоо үгүйлэгдэж насанд хүрэгчдэд нэгдсэн ойлголт, мэдээлэл дутмаг байгаа юм.


Хэлэлцүүлэгт Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Т.Мөнхсайхан, О.Саранчулуун, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амарбат тэргүүтэй албаныхан болон ЕБС-ийн нийгмийн ажилтнууд, захирлууд, сэтгэл зүйчид, хэвлэл мэдээллийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагынхан оролцлоо.


Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн сүүлийн гурван жилийн дуудлагаас харахад үе тэнгийн дээрэлхэлд өртсөн хүүхдүүдийн 53 хувь нь 11-14, 23 хувь нь 15-18 насныхан байгаа юм. Тэгвэл хүйсээр нь авч үзвэл 75 хувь нь хөвгүүд аж. Харин дээрэлхэлтэй холбоотой дуудлага өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад 273, 108 утсанд 1027, ГССҮТ-д 1583 ирсэн байна. Түүнчлэн боловсролын орчин буюу сургуулийн эргэн тойронд 709 удаа үе тэнгийнхэн бие биеэ дээрэлхсэн зөрчил илэрсэн бол гэр бүлийн орчинд 90, олон нийтийн газар 226, цахим орчинд нэг, хүүхэд хамгааллын үйлчилгээнд нэг байгаа нь анхаарал татлаа. Мөн үе тэнгийн дээрэлхэлд өртсөн 1027 дуудлагаас 38 нь ялгаварлан гадуурхах, дөрөв нь мөнгө дээрэмдэх, 28 нь хэл амаар доромжлох, 56 нь бүлэглэж дарамтлах, 813 нь биед халдах, 87 нь удаан хугацааны давтамжтай дээрэлхэх, нэг нь цахим орчимд дарамтлах үйлдэл бүртгэгдсэн байна.


Хэлэлцүүлгээр үе тэнгийн дээрэлхэлт гарч буй шалтгаан, тэдгээрийг хэрхэн таслах зогсоох шийдлийг хэлэлцэж зөвлөмж гаргав. 









Холбоотой мэдээ