“Туулын хурдны зам” төслийн талаар гурван талт уулзалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2026-04-20 16:21:40

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. “Туулын хурдны зам” төсөлтэй холбогдуулан БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй гурван талт уулзалт хийлээ.


БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир төслийн хэрэгжилтийг Монгол Улсын байгаль орчны хууль тогтоомжид бүрэн нийцүүлэн зохион байгуулах шаардлага тавьж, холбогдох байгууллагад тодорхой үүрэг, чиглэл өгснийг тус яам мэдээлэв.


Тэрбээр, “Аливаа бүтээн байгуулалт улсын хуульд захирагдана. Хуулиас дээгүүр төсөл гэж байхгүй. Байгаль орчин, иргэдийн эрх ашгийг зөрчсөн ямар ч үйл ажиллагааг хатуу зогсооно. Төр хууль хэрэгжүүлэх үүргийнхээ хүрээнд төслийн үйл ажиллагааг түр зогсоосон. Цаашид төслийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд бүрэн нийцүүлнэ. Өмнө нь гарсан зөрчлийг арилгаж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, тайрсан бургасанд нөхөн төлбөр оногдуулна. Хяналтаа сулруулахгүй. Төслийн бүх үе шатанд байгаль орчны нөлөөллийг багасгах арга хэмжээ авч, мониторингийг тогтмолжуулан, хоёр жил тутамд аудитын хяналт хийнэ” гэдгийг анхааруулсан юм.



БОУАӨ-ийн сайд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл,  БОАЖ-ын сайдын 2019 оны тушаалаар баталсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын заалтыг үндэслэн “Туулын хурдны зам” төслийн 2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталсныг мэдэгдлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар төслийн хэрэгжилтийг байгаль орчны хууль тогтоомж, холбогдох журамд нийцүүлэн зохион байгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, цаашид хууль, журмын дагуу ажиллахаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ