Газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шийдэхийг үүрэг болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Богдхан уулын дархан цаазат газрын Зайсан, Нүхтийн аманд оршин суугч иргэдийн газар эзэмших эрхийн асуудлаар иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.
Тус бүсэд
1954 оноос хойш амьдарч ирсэн 680 гаруй иргэнд 2016-2022 онд газар эзэмших
гэрчилгээ олгосон ч үлдсэн 125 иргэний эрхийг шийдэхгүй үлдээсэн нь хүний эрхийн зөрчил үүсгэж байгааг
салбарын сайд онцсныг БОУАӨЯ мэдээлжээ.
Эдгээр оршин
суугчид гурван үеэрээ
тухайн нутагт амьдарч байгаа бөгөөд цахилгаан, албан ёсны хаяг, бүртгэлээс шалтгаалан боловсрол, эрүүл мэнд
зэрэг төрийн суурь үйлчилгээг бүрэн хүртэж чадахгүй байгаа. Иргэд холбогдох бичиг баримтаа
бүрдүүлэн удаа дараа хүсэлт гаргасан ч асуудлыг шийдээгүй байгааг сайд хүний эрхийн ноцтой зөрчил
гэж тодотгоод, “Хүний
эрхээс давсан хууль журам байх ёсгүй. Хууль тогтоомжийн давхардал, хийдлийг
арилгаснаар байгаль орчны хамгаалалтын тогтолцоо бэхжинэ” хэмээн онцолжээ.
Тус газар нь 2026 оны газар зохион
байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тул асуудлыг нарийн судалж, иргэдийн газар
эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шийдэхийг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын
захиргааны дарга Э.Цогбадрал, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын
газрын дарга Ц.Уранчимэг нарт нэг сарын хугацаатай үүрэг болгов.
Уулзалтад
Зайсан, Нүхтийн аманд оршин суудаг 27-90 насны 80 гаруй иргэн оролцож, тулгамдсан асуудлаа танилцуулжээ.