Ерөнхий сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК нь өндөр хүчин чадлаар ажиллаж, 33 тэрбум төгрөгөөр импортлох эрчим хүчийг 15 тэрбумаар нийлүүлж хэмнэлт хийж, дизель түлшийг урьдчилан нөөцөлснөөр үнийн савлагаанд өртөх эрсдэлийг багасгаад байна.
Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 49, Улаанбаатар хотын
дулааны эрчим хүчний 55.2 хувийг хангаж, стратегийн чухал үүрэг гүйцэтгэдэг тус
станцынхан 2026-2027 оны өвлийн бэлтгэлээ хангаж эхэлсэн болон цаашид зайлшгүй
хийх хөрөнгө оруулалтын саналаа Ерөнхий сайд Н.Учралд танилцуулсныг Засгийн газрын ХМОНХГ мэдээллээ.
Тус станц нэг кВт цахилгааныг 83 төгрөгөөр үйлдвэрлэж, 117 төгрөгөөр, нэг Гкал дулааныг 40,800 төгрөгөөр үйлдвэрлэж, 4,283 төгрөгөөр борлуулдаг. Өнгөрсөн онд цахилгаан эрчим хүчнээс 151.7 тэрбум төгрөгийн ашиг олж, харин дулааны эрчим хүчнээс 183.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Дулаан үйлдвэрлэсэн өртгөөсөө багаар нийлүүлэх шаардлагын улмаас нийт дүнгээр 30.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Тарифын бодлогыг өөрчлөх шаардлага үүссэнийг байгууллагын удирдлагууд онцолж, хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл 2027 онд 118 тэрбум төгрөгийн алдагдалд орох тооцоо гарсныг хэллээ. Мөн одоогоор 260 тэрбум төгрөгийн үндсэн зээлтэй, төлөлтөө хойшлуулах хүсэлтийг Хөгжлийн банканд өгчээ. Эрсдэлийн үнэлгээгээр 504.4 тэрбум төгрөгийн засвар хийх шаардлагатай. Өвлийн ачааллыг найдвартай давахын тулд санхүүжилтийг шийдэж, засвар шинэчлэлээ эрчимжүүлэх ёстой ажээ.

Ерөнхий сайд Н.Учрал “Эрчим хүчний шинэчлэл бол манай
Засгийн газрын гол анхаарч буй асуудлуудын нэг. Энэ салбар эдийн засгийн
эргэлтэд орж, зөв бүтэцтэй ажиллаж байж төрийн татаас, өр төлбөргүй, гал
алдахгүй зөв голдиролдоо орно. Энэ шинэчлэлийг алаг цоог хийж болохгүй,
засвар үйлчилгээний санхүүжилтийг яаралтай шийдэх, шинэ эх үүсвэр барих, үнэ
тарифыг иргэдэд дарамтгүй алгуур шинэчлэх, хөрөнгө оруулалтыг боомилж буй
шаардлагагүй зөвшөөрөл, хязгаарлалтаас чөлөөлөх, үнэ нэмэхийн хажуугаар
компаниудын ил тод байдал, засаглалыг сайжруулах цогц арга хэмжээ авна” гэв.
Үүнээс гадна нэн тэргүүнд өвлийн бэлэн байдалд шууд нөлөөлөх зарим асуудлыг шийдэхээ онцлов. Үүнд, тус станцын Хөгжлийн банкан дахь зээлийн төлөлтийг хойшлуулахад анхаарч, засвар үйлчилгээний 5.5 тэрбумын санхүүжилт болон хүчин чадлыг өргөтгөх 550 тонн/цаг уур үйлдвэрлэх нэмэлт зуух барих 90.5 сая ам.долларыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр яаралтай шийдэх юм. Ерөнхий сайд цааш нь хэлэхдээ, “Өвөлдөө одооноос бэлтгэе. Засвар үйлчилгээгээ хавар, зундаа амжуулахгүй бол гал алдах эрсдэлтэйг харсан. Асуудлыг шийдэхдээ төрөөс иргэдэд учрах санхүүгийн дарамтыг багасгаж, Засгийн газрын нөөц хөрөнгөөс шаардлагатай татаасыг гаргана.

Эрчим хүчний компаниудын хуримтлагдсан өр төлбөрийг 2026-2028
онд үе шаттай барагдуулж, урт хугацааны зээлийг хэвийн болгосноор 2029 оноос
салбарыг улсын төсвийн татаасгүй ажиллах боломжтой болгоно. Зөвхөн засвараас
гадна шинэ эх үүсвэр, сэргээгдэх эрчим хүч, хувийн хэвшлийн төслүүдийг дэмжинэ.
Тэгж байж өвлийг өнтэй давдаг, аливаа гэнэтийн эрсдэлд сандарч тулгамдахгүй,
эдийн засгийг тэлэх шинэ төслүүдээ эхлүүлж болно. Эрчим хүчний үнийг иргэдэд
гэнэтийн дарамтгүй үе шаттай шинэчилж, бодит өртөгт ойртуулан, цаашид инфляц,
түлш, валютын хөдөлгөөнтэй уялдуулан индексжүүлсэн тогтолцоонд шилжүүлнэ гэдгээ
тэмдэглэсэн юм.
Харин Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Эрчим хүчний салбарыг
хүнд суртал, хаалттай байдал, урт, богино хугацаанд үүссэн өр төлбөр,
засаглалын хямрал, үр ашиггүй байдлаас чөлөөлнө” гэдгээ илэрхийлжээ.