Цасан болон шороон шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2026-04-18 09:16:29

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутгаар өнөөдөр салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхааруулж байна. 


Мөн Ховд, Увс, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр салхи секундэд 18-20, зарим үед 24 метрийг давж ширүүснэ. Төв, Дундговийн баруун хэсгээр шороон шуурга, Увсын зүүн, Завхан, Өвөрхангайн хойд, Архангай, Булганы өмнөд, Орхон, Дархан-Уул аймгийн нутаг, Төв, Сэлэнгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.


Монгол орны ихэнх нутгаар үүлшин, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14, говийн бүс нутгаар секундэд 28, зарим үед 34 метрийг давж, шороон шуурга шуурна.


Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр хүйтэрч 1-6 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр 0-5, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 24-29, говийн бүс нутгийн зүүн хойд хэсэг, Хэрлэн, Туул голын хөндийгөөр 16-21, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17, бусад нутгаар 6-11 градус дулаан байх юм.


Улаанбаатар орчмоор үүлэрхэг, бороо, цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурч, 16-18 градус дулаан, үдээс хойшдоо эрс хүйтэрнэ.


Багануур орчмоор үүлэрхэг, бороо, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13, зарим үед секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах бөгөөд 16-18 градус дулаан байна.


Тэрэлж орчмоор үүлэрхэг, бороо, цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11, зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурч, 14-6 градус дулаан, үдээс хойшдоо эрс хүйтэрнэ.

Холбоотой мэдээ