Хустайн байгалийн цогцолбор газрын энэ оны анхны унага
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хустайн Байгалийн цогцолбор газрын 60 гаруй хувьд тархаж буй зэрлэг адуун сүрэгт энэ оны анхны унага гарсныг тус газрынхан мэдээллээ.
Энэ нь Бригад азарганы, Фрида гүүний унага ажээ. Одоогоор тус газарт 350 гаруй тахь идээшиж байна.
Хустайн БЦГ-т 1992 онд Европоос 15 тахийг эргүүлэн авчирч, сэргээн
нутагшуулсан билээ. Улаанбаатар хотоос баруун тийш зуугаад км зайд орших Хустайн
БЦГ нь Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумын нутгийн заагт орших
Хустайн нурууны 506 км/кв талбайг хамарсан байгалийн цогцолборт газар юм. УИХ-ын
1993 оны тогтоолоор Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын
тусгай хамгаалалтад авч, 1998 онд зэрэглэлийг ахиулан байгалийн цогцолборт
газар болгожээ.
Өдгөө буй бүх тахийг 1945 онд байсан 31 тахийн үр төл гэж үздэг бөгөөд тахь (Пржевальскийн адуу) нь монголын говь хээр, тал нутагт амьдардаг зэрлэг адуу юм.
Адууны хромосом 64 байдаг бол тахийнх 66 байдаг ажээ. Тахийн бие адуутай
харьцуулахад намхан, богино хүзүүтэй, харьцангуй том толгойтой (мундааны өндөр:
125-147 см, биеийн жин: 240-300 кг). Дэл нь голдуу хул хонгор, хамрын нүхний
хэсэг нь цагаавтар өнгөтэй. Олонх нь шилбэ, өвдөгний ар тал, борвиндоо хөндлөн
хар судалтай. Босоо дэл, мундаанаас зоо нуруу дагуу сүүлний цацаг хялгас хүртэл
хар бор тууш хүрэн судалтай нь харагддаг онцлогтой билээ.