Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2026-04-17 15:53:00

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны мэдээлснээр, энэ оны 3 дугаар сарын байдлаар 2025 оны ургацаас давхардсан тоогоор 977 тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгоод байна.


Тодруулбал, үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч 405 тариаланчийн шаардлага хангасан 154.6 мянган тонн хүнсний улаанбуудайд 12.3 тэрбум, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 572 иргэн, аж ахуйн нэгжид зах зээлд худалдан борлуулсан 4.8 мянган тонн хүнсний ногоонд 4.8 тэрбум төгрөгийг урамшууллыг олгожээ. Ингэхдээ Засгийн газрын тогтоолын дагуу гурилын үйлдвэр, "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК-д нийлүүлсэн хүнсний улаанбуудайн тонн тутамд 80 мянга, хүнсний ногооны тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн тухайн жилийн ургацаас зах зээлд борлуулсан хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгөөр тооцсон байна.


Урамшуулал олгох явцад тариалан эрхлэгч татварын цахим төлбөрийн баримтын систем (e-barimt.mn)-д зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний үнийг зөрүүтэй тайлагнах, гарал үүслийн гэрчилгээг цахим (mofa.gov.mn) системд бичихдээ талбайн түүхийг цахимд хөтлөхгүй үүсгэх, ургац хураалтын дүнг стастистик мэдээнээс зөрүүтэй өгөх зөрчил илэрсчээ. Ийм тохиолдолд журмын дагуу мөнгөн урамшуулал олгохоос татгалзах, хяналтын байгууллага шалгаж хуулийн хариуцлага хүлээлгэдэг.


Мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч өөрийн өмчлөл, эзэмшил, түрээсийн газарт тариалалт эрхэлдэг, тухайн газар нь газрын мэдээллийн нэгдсэн системд бүртгэлтэй байх, ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмын дагуу тариалалт, талбайн арчилгаа, пестицид, бордооны зарцуулалт, ургац хураалт, бэлтгэсэн уриншийн мэдээг Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн санд бүртгэсэн, гарал үүслийн цахим гэрчилгээ авсан, татварын цахим төлбөрийн баримтын системд өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгүүлсэн, бүтээгдэхүүн худалдах бүрд кодоор и-баримтыг үүсгэж, худалдан авсан, худалдсан хоёр тал төлбөрийн баримтыг баталгаажуулах ёстой.  


Журмын дагуу шаардлага хангасан тариаланчид сарын бүрийн 10-ны дотор мөнгөн урамшуулалд хамрагдах хүсэлтээ цахимаар (plant.mofa.gov.mn) илгээж, Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүсэлтийг нэгтгэн дараа сарын 25-ны дотор шийдвэрлэдэг ажээ. 

Холбоотой мэдээ