Нийслэлийн есөн дүүрэгт 1551 байршилд камер ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. “Аюулгүй нийгэм-Бидний оролцоо” уриан дор Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026 өчигдөр боллоо.
Тус үйл ажиллагаанд НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд баримтлах бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл, анхаарах асуудлуудыг тодорхой танилцууллаа.
Тэрбээр хэлсэн үгэндээ нийслэлийн хэмжээнд, тэр дундаа гэр
хороололд үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдлыг онцолж, урьдчилан сэргийлэх
ажлыг илүү оновчтой, технологид суурилсан хэлбэрээр эрчимжүүлэх шаардлагатай. Одоогийн
байдлаар нийслэлийн есөн дүүргийн 1551 байршилд хяналтын камер ажиллаж байна. Гэмт хэрэг ихээр үйлдэгддэг “хар цэг”-үүдийг
тодорхойлсны үндсэн дээр 2026 онд 1856 байршилд ухаалаг камер нэмж суурилуулах
шаардлагатайг онцлоод, бүрэн камержуулна гэв.
Мөн “Гэр хорооллыг бүрэн камержуулж чадвал тухайн бүсэд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо мэдэгдэхүйц буурна. Орчин үеийн хот, улс орнууд хиймэл оюунд суурилсан хяналтын системийг нэвтрүүлж, аюулгүй байдлаа хангаж байна.
Камержуулснаар 2025 онд залилангийн төрлөөс бусад гэмт хэргийн гаралт 30 хүртэлх хувиар буурсан байна.
Мөн А.Баяр дарга урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн техник, хяналтаар хязгаарлахгүй, хүмүүжил, соён гэгээрүүлэх бодлоготой уялдуулах шаардлагатайг дурдлаа. Хүүхэд гэмт хэрэгт холбогддоггүй байхад зорьсон “Монгол хүн” хөтөлбөрийг өргөжүүлэхийн чухлыг сануулсан талаар НИТХ-аас мэдээлэв.
