ЖДҮ-ийн зээлийн хүртээмжийг нэмж, шат дамжлагыг багасган, хугацааг нь сунгахыг судална
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн гэрээний 5 жилийн хугацааг 7 болгон сунгах, ЖДҮ-ийн зээл олгох журмыг ойлгомжтой, хялбар болгож, зээлийг 30 хоногт зарлаж, 15 хоногт шалгаруулах, 15 хоногт зээлийг өгөх зохицуулалтыг хийх боломжтойг тэмдэглэлээ.
ЖДҮХС нь 2009-2025 онд улсын төсөв, Засгийн газрын болон Чингис бонд, Хөгжлийн банкны зээл, орон нутгийн төсөв, тэдгээрийн эргэн төлөлтөөс 1.13 их наяд
төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр
бүрдүүлж, 9272 төсөлд 1,1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Өнгөрсөн онд гэхэд 108,378 аж ахуйн нэгж үйл
ажиллагаа явуулж байсны 76.2
хувь буюу 82,562 нь жижиг,
дунд үйлдвэрийн салбарт хамаарч байсныг сайд Ц.Идэрбат Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Жижиг, дунд үйлдвэр,
үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, тогтвортой байдлыг хангах, ажлын байрыг хадгалж,
хөдөлмөр эрхлэлтийг нэмэх тухай танилцуулахдаа дурдсан байна.
ЖДҮХС-гийн
журмаар Засгийн газрын бодлого, төсөл хөтөлбөртэй уялдуулан, зээл олгох салбар,
зээлийн хугацаа, хүү, эх үүсвэрийн багцын хуваарилалт, зээл олгох нөхцөл,
шаардлагыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн
батлахаар заасан. Энэ дагуу
одоо мөрдөж буй хууль, журамд нийцүүлэн 5 жилээр
олгосон ЖДҮХС-гийн зээлдэгчдийн
хөнгөлөлттэй зээлийн хугацааг ХХААХҮ-ийн
сайдын тушаалаар сунгах боломжтой. Тухайлбал, 100 сая
төгрөгийн зээл авсан нэг аж
ахуйн нэгжийн зээлээ эргэн
төлөх хугацаа 5 жил байгааг 2 жилээр сунгаж 7 жил болгоход жилд 8.5 сая төгрөгийн мөнгөн урсгалыг хэмнэж,
хөдөлмөрийн болон бусад зардлаа санхүүжүүлж, ажлын байраа хадгалах боломж
бүрдэхийг ХХААХҮЯ мэдээллээ.
Иймд бүс нутгийн хямрал, мөргөлдөөнтэй нөхцөлд валютын өсөлт, импортын хамаарлаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ
эрхлэгчдийг хамгаалах, тогтвортой
байдлыг хангах ажлын байрыг хадгалж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэх хүрээнд
хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэх, зээл олгох шат дамжлагыг багасгах, зарим зээлдэгчийн
эргэн төлөх хугацааг сунгахыг
ХХААХҮ-ийн сайдын эрхлэх aсуудлын хүрээнд шийдвэрлэхээр Засгийн газрын
хуралдаанд танилцуулсан юм.
Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэх, зээл олгох шат дамжлагыг багасгах, зээлийн үндсэн төлбөрийн төлөлтийн хугацааг сунгахыг судалж, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатад даалгажээ.