ДАРХАН-УУЛ: Улсын олимпиадад ангиараа тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-04-15 10:23:36

Дархан, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан монгол хэл, бичгийн улсын 55 дугаар олимпиадын “Анги нийт” төрөлд Дархан-Уул аймгийн “Од” сургуулийн 9-5 анги тэргүүлжээ. Тус олимпиад энэ жил “Мэргэжлийн багш”, “12 дугаар ангийн сурагч”, “Анги нийт” гэсэн уламжлалт ангиллаар зохион байгуулсан бөгөөд оролцогчдын хүсэлтээр “Есдүгээр ангийн сурагч” гэсэн шинэ төрөл нэмэгдсэн байна.


2025-2026 оны хичээлийн жилд 21 аймаг, нийслэл, дүүргийн 2276 бүлгийн 49891 сурагч, орон нутгийн шатанд 650 сургуулийн 395 бүлгийн 17447 сурагч уг олимпиадад оролцжээ.




Анги нийтээрээ нэг зорилгын төлөө нэгдэж, монгол хэл, бичгийн хичээлдээ жигд суралцан, багшийн заасан хичээл, дадлага ажлыг хамтдаа давтан хичээнгүйлэн шамдсаны үр дүнд энэхүү амжилтад хүрсэн хэмээн улсын олимпиадын аварга ангийн сурагчид баяр хөөртэйгөөр ярьжээ.


Тэд төгсгөлийн шатанд шалгарсан 32 бүлгийн мянга гаруй сурагч өрсөлджээ.  


Бэлтгэсэн багш Ц.Оюун-Эрдэнэ, "Бид монгол хэл, бичгийн олимпиадад өнгөрсөн жилээс бэлтгэж эхэлсэн бөгөөд хичээлийн шинэ жилийн эхний сараас эхлэн нэлээд шаргуу бэлтгэл хийсэн. Зорилгынхоо төлөө тууштай хичээллэж, тэмүүлэлтэй зан чанарыг өөрсдөдөө төлөвшүүлсэн авьяаслаг сурагчдаараа бахархаж байна" гэв.



Тус анги математикийн төрөлжсөн сургалттай бөгөөд ангийн багш Б.Сарангэрэлийн тав дахь даасан анги юм.


Ангийн багш нь сурагчдадаа хандан өөрсдийгөө байнга хөгжүүлж, багш нарын заасан хичээлийг сайн давтаж, баг хамт олноороо амжилтын төлөө урагш тэмүүлж, зөв хүн байхыг эрхэмлэхийг үргэлж зөвлөдөг. Хүүхдүүд маань миний хэлсэн үг бүрийг хэрэгжүүлдэг чадварлаг сурагчид бөгөөд үүний үр дүнд энэхүү амжилтад хамтдаа хүрсэн хэмээн Б.Сарангэрэл багш онцлон хэллээ.

Мөн хүүхдүүдээ үргэлж дэмждэг, зөв хүн болж төлөвшихөд хамгийн их нөлөөлөгч байж чаддаг эцэг, эхчүүдийн үүрэг оролцоо чухал гэв.


Ташрамд тэднийг зорилготой болгож, тусгайлан бэлтгэн улсын аварга анги болоход удирдан чиглүүлсэн Ц.Оюун-Эрдэнэ болон үргэлж зөв үлгэр дуурайл үзүүлж, зөвлөж чиглүүлж байсан ангийн багш Б.Сарангэрэл нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байлаа.


Холбоотой мэдээ