ДАРХАН-УУЛ: Шалгалтын үеийн айдас, түгшүүрийг даван туулах хөтөлбөр эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй сурагчдад зориулж “Шалгалтын үеийн айдас, түгшүүрийг багасгах” хөтөлбөрийг эхлүүллээ. Аймгийн хэмжээнд анх удаа хэрэгжиж буй энэхүү хөтөлбөрт төгсөх ангийн бүх сурагч хамрагдах юм.
Сурагчид элсэлтийн ерөнхий шалгалт дөхөх тусам сандрах, тэвдэх, ямар нэгэн зүйлээс айх мэдрэмж авч байгаа мэт болдог байна. Мөн өөрөө өөртөө итгэх итгэлээ ч бага зэрэг алдаж, чаддаг зүйлээ чадахгүй бол яах вэ гэсэн түгшүүрт сэтгэл зүйгээ автуулдаг гэж сэтгэл зүйчид ярьж байна.

Тиймээс айдас, түгшүүрийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор монгол хүүхдийн сэтгэл зүйн онцлогт нийцүүлэн орчуулсан “Good vibes” тэмдэглэлт, дадлага ажлын номыг 12 дугаар ангийн сурагчдад зориулан хэвлүүлжээ.
Өөрийгөө чин үнэнчээр хайрлаж сурах арга юу вэ? Сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн эерэг болгон хувиргах вэ? Тогтвортой аз жаргалд хүрэх боломж бий юу?

Аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөр нь сурагчдыг өөрийн эрхэм зорилгоо олж нээх, бусдад гэрэл гэгээ түгээхэд нь дэмжлэг үзүүлэх бөгөөд нийт 1500 гаруй сурагчийг хамруулах юм.
Мөн элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдад зориулан шалгалтын үеийн айдсыг даван туулах, анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэл зүйгээ зөв удирдах чадварыг хөгжүүлэх өвөрмөц, сонирхолтой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд өөрийгөө бусадтай бус, өчигдрийн өөртэйгөө харьцуулах боломжийг ч мөн олгож байна.