ДАРХАН-УУЛ: Хүүхдийн сэтгэл зүйг хөгжүүлэх тайван орчин бүрдүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн сэтгэл зүйн хөгжил, хамгааллыг дэмжих ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ удаад Дархан сумын 10 дугаар цэцэрлэгт сэтгэл зүйн өрөөг тохижуулсан байна.
Шинээр тохижуулсан сэтгэл зүйн өрөө нь хүүхдийн нас, онцлогт нийцсэн тайван, аюулгүй орчин бүрдүүлсэн төдийгүй тэдний сэтгэл хөдлөлийг зөв таних, илэрхийлэх, тайвшрах, өөрийгөө ойлгох чадварыг хөгжүүлэх нөхцөл боломжийг бий болгожээ.
Цэцэрлэгийн орчин зөвхөн сурч
хөгжихөөс гадна хүүхэд бүрийн сэтгэл зүйг дэмжсэн, хамгаалсан, эерэг уур амьсгалтай орчинтой, өргөжиж байгаа нь хүүхэд хамгааллын
бодлого бодит ажил болж байгаад талархаж буйгаа багш нар
илэрхийлжээ.
Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр өмнө нь гурван цэцэрлэгт сэтгэл зүйн өрөөг тохижуулж, хүүхэд бүрийг дэмжсэн, аюулгүй орчныг бүрдүүлжээ.
