ДАРХАН-УУЛ: Сурагчдын оюун санааны тэнцвэртэй хөгжлийг дэмжих төслийг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйг дэмжих, тэдний дотоод ертөнцийг ойлгох, тэнцвэртэй хөгжлийг хангах зорилготой “Майнд баланс” төслийг эхлүүллээ. Уг төслийг аймгийн Сэтгэл зүйчдийн холбооны хийсэн судалгаанд үндэслэн хэрэгжүүлэх юм.
Судалгаагаар 6-12 дугаар ангийн сурагчдын дунд стресс, түгшүүр, өөртөө итгэх итгэл буурах зэрэг сэтгэл зүйн асуудлууд түгээмэл байгааг тогтоож, зорилтот төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага бий болсон гэж Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа онцолж байна.
Энэхүү төсөл нь сурагчдад сэтгэл зүйн зөв дадал хэвшүүлэх, өөрийгөө танин мэдэх, сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд чиглэжээ.
Төслийн хүрээнд сургалт, зөвлөгөө, практик үйл ажиллагааг хэрэгжүүлж багш, эцэг, эх, асран хамгаалагчдад зориулсан мэдээлэл, арга зүйн дэмжлэгийг хамтад нь үзүүлэх юм.

Сурагчдын сэтгэл зүйн тогтворгүй байдал ихэвчлэн сургуулийн орчинд бий болдог. Үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчин дахь ёс бус үг хэллэгийн доромжлол, гадаад үзэмж, өмссөн хувцас зэрэг байдлаасаа үүдэн өөртөө итгэх итгэлээ алддаг байна. Сургууль бүрийн ахлах ангийн сурагчдын 30-40 хувь ямар нэгэн хэлбэрээр үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж түүнээс үүдэн оюун санааны тэнцвэрт байдлаа алддаг гэжээ.
Тиймээс төслийн хүрээнд дунд, ахлах ангийн сурагчдын стресс, түгшүүр, өөртөө итгэх итгэл буурах зэрэг сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэхийг зорьжээ.