ДАРХАН-УУЛ: Эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-04-06 15:50:35

Дархан, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Эх, нярайн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 149 сая төгрөгийн үнэ бүхий 16 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.


Уг төхөөрөмжүүдийг өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, засаг дарга Б.Азжаргал нар тасгийн хамт олонд хүлээлгэн өгч, уг төслийг шийдвэрлэхэд ИТХ-ын төлөөлөгч, мэс заслын их эмч Б.Батхишиг ихээхэн дэмжсэн гэдгийг тодотгов.




149 сая төгрөгийн өртөг бүхий тоног, төхөөрөмжид жирэмсэн үед болон төрөх явцад ургийн зүрхний цохилтыг хянагч монитор 10 ширхгийг төрөх тасагт, эмгэг нярайн тасагт сипап аппарат хоёр ширхэг, нярайн шарлалт хэмжигч аппарат хоёр, тарианы автомат таван шахуурга, дуслын автомат шахуурга тав, ньюпамп аппарат нэг ширхгийг олгожээ.


Эдгээр нь өдөр тутамд ашиглагддаг шаардлагатай төхөөрөмжүүд гэдгийг тасгийн хамт олон илэрхийлж байна.


Аймгийн төрөх тасагт жилдээ 1900-2000 эх төрдөг судалгаа бий. Зөвхөн Дархан-Уул аймаг бус төвийн бүсийн аймгийн иргэд дээрх тоон үзүүлэлтэд багтдаг.




Жирэмсэн эхийг төрөхийн өмнөх сүүлийн гурван сарын хугацаанд ургийн монитороор хянадаг. Уг монитор нь аймгийн хэмжээнд тав байдаг байсан бол өнөөдөр арваар нэмэгдэж хүртээмжтэй үйлчлэх боломжийг олгож байна.


32 долоо хоногтойгоос дээших бүх ээж болон эрсдэлтэй эхийг долоо хоногт нэг удаа хяналтад оруулдаг. Жирэмсний хяналтад ээжүүд дараалал үүсгэх, бухимдах, хугацаа алдах тохиолдол байсан нь өнөөдөр ийнхүү шийдвэрлэгдэж байна гэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амаржих тасгийн эрхлэгч Г.Отгонбямба онцолж байна.



Холбоотой мэдээ