ДАРХАН-УУЛ: Иргэд арав хоногт 10 тн нөөцийн мах худалдан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-03-25 18:19:30

Дархан, 2026 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, хүн амын хаврын улирлын махны хэрэгцээг хангах зорилгоор нөөцийн махыг энэ сарын 15-нд худалдаанд гаргасан. Нийт 102 тонн мах бэлтгэснээс 30 тонныг худалдаанд гаргаж, арван өдөрт 10 тонн мах борлуулсан байна.


Иргэдийн хэрэгцээнд зориулан 2-4 килограммаар савласан нөөцийн махыг хүнсний 20 дэлгүүр гэрээтээр борлуулж байна. Дархан сумын 18 багт байрлах эдгээр дэлгүүр өдөрт дунджаар 500-1000 килограммыг худалджээ.


Арван өдрийн хугацаанд үхрийн мах 4.3 тонн, хонины мах 3.6 тонн, ямааны мах 2.2 тонн борлуулсан гэж ХХААГ-ын мэргэжилтэн Д.Нарантуяа ярилаа.


"Дархан мах эрдэнэ комбинат" ХХК нян, бактерийн таван төрлийн лабораторийн шинжилгээнд хамрагдсан, чанар, эрүүл аюулгүй байдал болон стандартын шаардлага хангасан махыг бэлтгэжээ. Үнийн хувьд үхрийн мах 16,300, хонины мах 14,800, ямааны мах 11,200 төгрөг байна.


Холбоотой мэдээ