Израилийн Хайфа хотод ой хээрийн түймэр тархжээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-11-25 12:46:36

ИЕРУСАЛИМ. /ВВС/. Израильд гарсан ой хээрийн түймэр тус улсын гуравдахь том Хайфа хотод тархсантай холбогдуулан тус хотын 80 мянга орчим иргэнд гэр орноо орхин нүүхийг анхааруулсан байна.

Хайфа хотын хойд хэсгээр хоёр сар гаруй хугацаанд ган гачиг болж, хүчтэй салхи үүссэний улмаас ой хээрийн түймэр гарчээ.

Үүнээс гадна Иерусалим болон “West Bank” буюу Иордан голын баруун эргийн ойролцоох газар нутагт түймэр тархах аюултай байна.

Израилийн цагдаагийн газрын дарга гал түймэр гэмт хэргийн сэдэлтэй байж магадгүй гэж мэдэгджээ.

Харин тус улсын Ерөнхий сайд Бенямин Нетаньяху, “иймэрхүү халдлагууд айдас жихүүдэсийг нэмэгдүүлж байна. Гал тавих, өдөөн турхирсны улмаас үүдэлтэй гал бүхэн заналхийлэл бөгөөд бид энэ замаар хариуг нь барих болно. Израилийг шатаах гэсэн хэнд ч болов хариуг нь барьж, шийтгэх болно” гэж мэдэгдсэн байна.

Цагдаагийн газрын дарга Рони Альшейч хэлэхдээ, галыг санаатайгаар тавьсан бол энэ нь улс төрийн зорилготой юм гэв.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ