Аймгийн баруун өмнөд хэсгээс эхлэн хүйтний эрч суларна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВМалчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд. Маргааш Төв аймгийн баруун өмнөд хэсгээр цаашдаа нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэй байна.
Нэг хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр Төв аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр байна. Хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө томоохон голын хөндий дагуух нутгаар 28-33 хэм, өдөртөө 15-20 хэмийн, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэмийн хүйтэн байна хэмээн Төв аймгийн ус цаг уур орны шинжилгээний газрын синоптик инженер О.Оюунцэцэг мэдээллээ.
Харин Төв аймгийн Зуунмод сум орчмоор үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хүйтний эрч бага зэрэг суларч, шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 15-17 хэмийн хүйтэн байна.
Цаашид энэ сарын 28 хүртэлх тав хоногийн урьдчилсан төлөв байдлаар нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурч, салхи 24-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг суларч томоохон голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм өдөртөө 15-20 хэм байна. Харин бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэмийн хүйтэн байна. Сарын сүүл буюу энэ сарын 27-наас нутгийн баруун өмнөд хэсгээр болон цаашдаа нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэй байна хэмээн Төв аймгийн ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Т.Есүхэйтөмөр