“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зарим хөрөнгийг шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол-Оросын “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэх хүрээнд үндсэн бус нийгмийн салбарын байгууллага, байгууламж, зарим хөрөнгийг төр, орон нутгийн өмчид шилжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг зорьж байна.
Энэ нь тус байгууллагын санхүү, эдийн засгийн үзүүлэлтэд
эерэг нөлөөлж, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний шинэчлэлийг
түргэтгэх, цаашид бизнесийн зарчимд тулгуурлан ажиллах нөхцөл бүрдүүлэх
стратегийн ач холбогдолтойг Зам,
тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Тээврийн яаманд зочилж, ОХУ-ын Тээврийн
сайд А.С.Никитинтай албан уулзах
үеэрээ онцлов.
Уулзалтаар Монгол, Орос хоёр улсын тээврийн харилцааг урт
хугацаанд тогтвортой, илүү өндөр шатанд хөгжүүлэх стратеги болон хамтын ажиллагааны тулгамдсан асуудлыг
хэлэлцлээ. Мөн Монгол–Орос–Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т
тусгасан төмөр замын “Төв” коридорын төслийн явцыг эрчимжүүлэх талаар санал
солилцсоныг Зам тээврийн яам
мэдээллээ.
Авто тээврийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс Олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын талаарх Европын хэлэлцээр” (AETR)-т хараахан нэгдээгүйтэй холбоотой манай тээвэрчид тээврийн хэрэгсэл дэх хяналтын тоног төхөөрөмж тахографыг ашиглах боломжгүйгээс үүдэн Монголын тээвэрлэгчдэд ОХУ-ын нутаг дэвсгэрт торгууль ногдуулж буйг хөндөж, уян хатан зохицуулах боломжийг судлах санал гаргав. Мөн ОХУ, БНХАУ-ын цахим худалдаа эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотой АН-3 авто замаар гүйцэтгэх тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгааг дурдан зөвшөөрлийн бичгийг нэмж, шуурхай солилцох механизмыг боловсронгуй болгох санал дэвшүүлсэн байна.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын тээврийн салбарын хамтын
ажиллагааг стратегийн түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран
ажиллахаа илэрхийлжээ.