Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох “Үндэсний ногоон лаб” хөтөлбөрийг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах ажлын хүрээнд байгаль орчинд суурилсан шийдэл болон тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилготой “Үндэсний ногоон лаб” платформын нээлт Төрийн ордонд боллоо.
Платформ нь хэрэгжих бүрэн боломжтой, бодит үр дүнд хүрэх, цаашид цар хүрээгээ тэлэх чадавхтай ногоон төслүүдийг бойжуулах, хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татахад бэлтгэх юм. Энэ хүрээнд төслүүдийг сонгон шалгаруулж, хоёр сарын хугацаанд техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлнэ. Улмаар дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай холбохоос гадна шалгарсан төслүүдийг СОР17 хурлын үеэр олон улсын хөрөнгө оруулагч нарт тусгайлан танилцуулахаар төлөвлөжээ.
Нээлтийн үеэр “Үндэсний ногоон лаб” хөтөлбөрт оролцогч талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн “Монгол орны бэлчээрийн экосистемийн өнөөгийн төлөв байдал, олон улсын чиг хандлага болон шинэлэг шийдлүүд”, “СОР17 зохион байгуулахтай холбогдуулан цөлжилт, газрын доройтлын эсрэг хэрэгжүүлэх санаачилга”, “Үндэсний ногоон лаб” сэдвээр илтгэл сонсож, “Бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй сорилт, шийдэл”-ийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэхүү платформ нь Улаанбаатар хотноо болох COP17 хурлын хүрээнд:
• Бэлчээрийн
тэргүүлэх санаачилга,
• Ус-газрын
нэгдсэн менежмент,
• Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц гэсэн санаачилгыг эхний үе шатанд онцгойлон дэмжихээр төлөвлөсөн байна. Эдгээр нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөртэй бүрэн уялджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан ярихдаа, “Энэхүү платформыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар Монголын бизнесийн зөвлөл, Монголын Байгалийн өв сан хамтран хэрэгжүүлж байна. 2026 онд Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын бага хурал (COP17)-ыг наймдугаар сард зохион байгуулна. Мөн Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаар 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” болгон зарласан. Энэхүү жилийн нээлтийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Италид Төрийн дээд хэмжээний айлчлал хийх үеэрээ хийсэн.
Тиймээс 2026 онд дэлхий нийт Монгол Улсад анхаарлаа хандуулах онцгой жил болж байна гэж хэлэхэд хилсдэхгүй.
Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуй, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудалд манлайлан анхаарч ажиллаж буйг дээрх үйл ажиллагаануудаас тодорхой харж болно. Бид энэ боломжийг бүрэн ашиглах зайлшгүй шаардлагатай. Платформ өнөөдөр нээлтээ хийж, nationalgreenlab.org цахим сайт ашиглалтад орлоо. Уг сайтаар дамжуулан олон нийт төслөө илгээх бүрэн боломжтой. 2026 оны наймдугаар сард болох COP17 хурлын үеэр бойжуулсан төслүүдийг вэб сайтад байршуулж, хөрөнгө оруулагчидтай холбох гүүр болж ажиллана. Энэ платформ зөвхөн COP17-оор хязгаарлагдахгүй, урт хугацаанд тасралтгүй хөгжих санаачилга юм. 2026 онд “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” тохиож буйтай холбоотой тогтвортой бэлчээрийн менежментийн чиглэлийн төслүүдийг түлхүү дэмжинэ” гэлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав, “Энэ санаачилга нь бэлчээр, нүүдлийн мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарын үр өгөөжийг дээшлүүлэх үндсэн чиглэлээр манай яамны ажилтай нягт уялдаж байна. Тиймээс уг санаачилгыг дэмжин оролцож байгаа юм. Мөн COP17-той уялдан хэрэгжиж байгааг онцлох нь зүйтэй. Цаашид илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэхийн тулд хамтын ажиллагаатай байгууллагуудтайгаа хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж байна. Монгол Улс COP17-г зохион байгуулагч орны хувьд тодорхой давуу талтай. Энэ нь нүүдлийн мал аж ахуй, бэлчээр хамгааллын асуудлыг олон улсын тавцанд илүү идэвхтэй гаргаж, дэлхийн анхаарлын төвд хүргэх том боломж юм. Бэлчээр ашиглалтын хувьд нийт бэлчээрийн талбайн 70 орчим хувь нь цөлжилтөд өртөмтгий байгаа нь малчдын амьжиргаанд шууд нөлөөлж байна. Тиймээс энэ нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр COP17-той уялдуулан тодорхой ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Дэлхийн хэмжээнд хуурай газрын 50 гаруй хувийг бэлчээр эзэлдэг гэж үздэг бөгөөд Монгол Улс дэлхийн хуурай газрын ойролцоогоор 1.5-1.6 хувийг дангаараа бүрдүүлдэг. Энэ нь манай улс дэлхийн экологийн тэнцвэртэй шууд холбоотойг харуулж байна. Түүнчлэн энэ асуудал нь зөвхөн экологийн төдийгүй эдийн засаг, уламжлалт өв соёл, ахуй амьдралтай гүнзгий холбогдсон тул бид онцгой анхаарал хандуулан ажиллаж байна” хэмээн ярилаа.

Харин БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг, “Энэ бол хөрөнгө оруулалтын маш том боломж юм. Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн хомсдол зэрэг байгаль орчны олон асуудлыг бодитой хэлэлцэх, шийдвэрлэх шаардлага бий болсон. Тиймээс байгаль орчны салбарт, тэр дундаа байгальд ээлтэй стандарт, норм, шаардлагыг бүрэн хангасан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь зайлшгүй хэрэгцээ болж байна. Ялангуяа нүүдлийн соёл иргэншил, тусгай хамгаалалттай газар нутгийн хүрээнд биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой “30х30” зорилтын хэрэгжилт Монгол Улсад дэмжлэг авч байна. Одоогийн байдлаар улсын нийт нутаг дэвсгэрийн 20.8 хувь нь тусгай хамгаалалтад бий. Иймээс тусгай хамгаалалттай газар нутаг болон тэдгээрийн орчны бүсэд амьдарч буй нутгийн иргэд, малчдын амьжиргаа, нүүдлийн соёл, бэлчээр хамгааллыг дэмжих чиглэлээр томоохон хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа шаардлагатай. Энэ утгаараа уг санаачилга COP17-той уялдаж хэрэгжиж байгаа юм. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хувьд газрын доройтол, газрын ашиглалт, хэрэглээ зэрэг суурь асуудлыг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон байдлаар цогцоор нь шийдвэрлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэл, нутгийн иргэдэд түшиглэсэн хамтын ажиллагаа чухал гэж үзэж байна. COP17-ын үеэр олон улсын хөрөнгө оруулагчид, санаачлагчид, гэрээ, конвенцын хэрэгжилтийг дэмжих байгууллагууд Монголд ирэх тул энэ боломжийг зөв ашиглаж, бэлэн болсон төслүүдээ нэг дор төвлөрүүлэн танилцуулах нь чухал ач холбогдолтой. Энэхүү санаачилга нь зөвхөн БОУАӨЯ, ХХААХҮЯ-аар хязгаарлагдахгүй. Салбар дундын зохицуулалт бүхий ногоон санхүүжилтийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Төр-хувийн хэвшлийн түншлэл, төрийн байгууллагын санаачилгыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай уялдуулан хэрэгжүүлэх механизмыг бий болгож буй энэ санаачилга эхэлж байгаад бид баяртай байна” гэлээ.
“Үндэсний Ногоон Лаб” платформ нь байгаль орчинд бодит, хэмжигдэхүйц эерэг үр нөлөө үзүүлэх, цаашид цар хүрээгээ тэлэх боломжтой ногоон төслүүдийг хүлээн авч, сонгон шалгаруулж, 2 сарын хугацаанд техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлэх замаар хөгжүүлэн бойжуулж олон улсын санхүүжилт олгох стандартад нийцүүлэн бэлтгэх юм. Платформыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар Монголын байгалийн өв сан болон Монголын бизнесийн зөвлөл хамтран хөгжүүлнэ.




