Босоо бичиг бол миний гоёл

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2026-01-15 14:50:00

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болсон “Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шагнал гардуулах ёслолд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Ж.Гэрэлмаа зүү ороож урласан дээлээр гоёж иржээ. 


Тэрбээр, "Миний гоёсон дээл бол “Босоо бичиг-миний гоёл” гэсэн санааг илэрхийлж байгаа.


Ханцуй дээр маань “Эцэг тэнгэр, Этүгэн эх” гэсэн үгс, бүсэн дээр “Босоо бичиг-Миний гоёл” гэсэн бичээс бий. Тоорцог малгайн гол хэсэгт “Эрдэм” гэсэн үг, түүний эргэн тойронд “Би монголоороо гоёдог” хэмээн бичсэн. Харин цүнхнийхээ нэг талд нь “Аз” гэсэн монгол бичгийн угалз, эвхмэл бичиг, нөгөө талд нь үндэсний хээ хуарыг хослуулан урласан.


Эдгээр бүтээлээрээ дамжуулан монгол бичгийг ахуй амьдрал, өдөр тутмын хэрэглээнд гоёл чимэглэл болгон ашиглах өргөн боломжтойг харуулахыг зорьсон” хэмээн ярив.


Түүнчлэн "Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын уралдааны бүтээлийн ангилалд тэргүүн байр эзэлсэн Ж.Гэрэлмаа багш, "Би 2014 оноос эхлэн энэхүү уралдаанд тогтмол оролцож, бүтээлийн төрөлд дөрөв дэх удаагаа тэргүүн байр эзэллээ. Энэ жил "зодог тайлна" хэмээн бодож байгаа. Илүү олон хүн энэхүү уралдаанд идэвхтэй, амжилттай оролцоосой гэж хүсэж явдаг. Энэ удаагийн уралдаанд уран бүтээлийн төрлөөр болон хосолсон бүтээлээ сойсон. Эхний бүтээл маань билгүүн номч Бямбын Ринчений "Монгол хэл" шүлгийн мөрийг цаасан урлал болон эсгийнцэр, эсгий урлалаар хослуулж бүтээсэн бүтээл юм. Хоёр дахь бүтээл маань миний энэ дээл юм. Ер нь, би монгол бичгээ ахуй соёл, өдөр тутмын хэрэглээндээ байнга шингээхийг зорьдог. Дээлийн ханцуй, бүс, тоорцог малгай, цүнхэн дээр бичсэн үгсийг зүү ороож урласан" хэмээн ярилаа.










Холбоотой мэдээ