ДАРХАН-УУЛ: "Ногоон-Дархан" хөтөлбөрийн хүрээнд 1.9 сая мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өмнө нь бий болгосон ногоон орчныг хамгаалах, ойн санг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оноос эхлэн "Ногоон Дархан" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийг сүүлийн дөрвөн жил "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан хэрэгжүүлж, жил бүр мод тарих нөхцөлийг бий болгож төр, хувийн ААНБ-ууд арчлалт хамгаалалт, ургалтад анхаарал хандуулж ирсэн.
Өнөөдөр “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хурал болж, өнгөрсөн онд хийсэн дүгнэн, энэ онд хийх ажлын талаар ярилцлаа.
Тус хөтөлбөрийн хүрээнд 2025 онд 1.033.200 мод тарьжээ. Мод тарих хөдөлгөөнийг төр, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэдийн оролцоотой хэрэгжүүлдэг гэж Байгаль орчны газрын дарга Г.Батбаяр онцоллоо.

Тухайлбал Буддын шашны сүм хийдүүдийн холбооноос санаачлан 31 дүгээр хорооллын хойно “Төгс баясгалант цэцэрлэгт хүрээлэн” байгуулсан, уул уурхайн эвдэрч эзэнгүй орхигдсон газарт "Оюу толгой" ХК-ийн хөрөнгө оруулалтаар техникийн нөхөн сэргээлт хийж 150 га талбайг 375.0 мянган нарс модоор ойжуулсан бол Хонгор сумын нутаг "Алт" хөтөлбөрийн хүрээнд эвдэж сүйдсэн Хургад хэмээх газрын 5 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ.
Тус хөтөлбөр хэрэгжсэнээр 2021-2025 онд нийт 1,949,635 мод, бутыг шинээр тарьжээ. Ургалтын явц хашаажуулалт, арчлалт, хамгаалалт, усалгаанаас шалтгаалан 60-95 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

2026
онд “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд Дархан
хотын төвлөрсөн хогийн цэг болох “Бараат” орчимд хамгаалалтын ойн зурвас байгуулах, зам талбайн ногоон байгууламжийг
нэмэгдүүлэх, Хонгор сумын нутагт 50 га талбайд татмын ойжуулалтын ажлыг эхлүүлэхээр
төлөвлөжээ.