БАЯНХОНГОР: Уулархаг нутгаар шуурч, цас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй, ялангуяа Алтайн уулархаг нутаг, бэл хоорондын хөндийгөөр салхины хурд 13-15 м/с хүрч ширүүсэн, уулархаг нутгаар цас орох төлөвтэйг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
Энэ сарын 4, 6-нд хангай, тал хээр, Алтайн салбар уулсын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар цас орох бол салхи 4, 5нд Алтайн салбар уулс, говийн нутгаар 12-14м/с, зарим үед 18м/с давж ширүүснэ. Бусад хугацаанд 7-12м/с хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -1 градус хүйтнээс +4 градус дулаан, өдөртөө +13 +18 градус, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө +4 +9 градус, өдөртөө +15 +20 градус, говийн нутгаар шөнөдөө +9 +14 градус, өдөртөө +24 +29 градус, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө +13 +18 градус, өдөртөө +25 +30 градус дулаан байна. Энэ сарын дөрвөнөөс нийт нутгаар сэрүүснэ.
Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй байх ч энэ сарын цаг агаарын дундаж температур Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дундаж орчим байх төлөвтэй байгааг тус газраас мэдээлэв.