ДАРХАН-УУЛ: Гуравдугаар шатлалын нэгдсэн эмнэлэг барих төслийн ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-08-14 14:43:40

Дархан, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хооронд 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний хүрээнд гуравдугаар шатлалын эмнэлэг барихаар болсон. Эрүүл мэндийн яамны харьяанд хэрэгжиж буй энэхүү төслийн Монгол Улсын талаас санхүүжүүлэх гадна дэд бүтцийн ажлууд болох эмнэлгийн цогцолборыг аймгийн төв замтай холбох авто зам, замын гэрэлтүүлэг болон үерийн далангийн ажлууд эхэллээ.




Хүн амд үзүүлэх гуравдугаар шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Улаанбаатар хотод төвлөрүүлэх бус томоохон хотуудад бүсийн эмнэлэг барихаар болсон ийнхүү эхэлж байна. Төслийн ажил 2024-2029 онуудад буюу 5 жилийн хугацаанд хэрэгжих юм.

 

Олон улсын стандартад нийцсэн үндсэн дөрвөн барилгаас бүрдэх бөгөөд 250 хүний ортой, иж бүрэн тоноглогдсон бүсийн эмнэлэг байхаар төлөвлөжээ. Нийт төсөв 59.9 сая ам. доллар бөгөөд зээлийн хэмжээ 43.2 сая ам.доллар, буцалтгүй тусламж 5.0 сая евро, техник туслалцаа 2.4 сая ам.доллар юм. Монгол Улсын Засгийн газраас 8.9 сая ам.долларыг шийдвэрлэнэ гэж аймгийн аймгийн нэгдэн эмнэлгийн төлөөлөл мэдэгдлээ.




Уг төсөл хэрэгжсэнээр төвийн бүсийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирч, иргэдийн урсгал, ачаалал буурч, нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулах зэрэг томоохон ач холбогдолтой юм.


Тус эмнэлгийн барилгын нийт талбай 35.730 м.кв, 7-8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, 150 метр куб усны нөөцийн савтай, нарны энергиэр ажиллах, цахилгаан тасарсан үед дизель цахилгаан үүсгүүрээр ажиллах, нөөц усаараа долоо хоног ажиллах боломжтойгоор төсөлд тусгажээ.



Түүнчлэн агаар сэлгэлтийн бие даасан системийг суурилуулсан байх ба 180-200 автомашины зогсоолтой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, амбулаторийн 27 кабинеттай, хэвтэн эмчлүүлэх долоон тасагтай, өдрийн эмчилгээний хэсэгтэй, дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, шүд, мэдрэл, халдварт өвчин зэрэг үндсэн долоон мэргэжлийн тусламж үйлчилгээтэй, ариутгалын тасагтай байх юм.



Өдөрт 800 хүнд амбулатори болон өдрийн эмчилгээ үзүүлэхээс гадна сард 5000 хүнд оношилгоо хийх, 20000 хүнд лабораторийн шинжилгээ хийх хүчин чадалтай, тусгай тоноглол бүхий зургаан мэс заслын өрөөтэй байхаар төлөвлөгджээ.

 

Холбоотой мэдээ