УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-10 11:10:49

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан 10:40 минутад эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар нийт 10 асуудал хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, "Төрийн өмчийг хувьчлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хууль санаачлагчид буцаах саналтай байна. "Монгол шуудан" компани нь баг бүрт шуудан хүргэх төрийн үйлчилгээг хангадаг. Хэрэв хувьчиллаа гэхэд ашиггүй ажилласан тохиолдолд багт шуудан очихгүй байх магадлалтай. Мөн хөрөнгийг нь бодитой үнэлэх хэрэгтэй. Тус компани 34 хувь дээрээ хувьцаа гаргасан. Тиймээс 51 хувийг төр мэдэлдээ авч үлдэх ёстой. Өнөөдөр энэ компани 330 суманд барилгатай, 130 машинтай, 5 тэрбумаар үнэлэх марктай, 6,1 тэрбум төгрөг дансанд нь бэлэн байгаа. Түүнчлэн шуудангийн алба гэдэг бол төрийн болон хувь хүний нууцыг хадгалдаг. Цаашлаад үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Үүний зэрэгцээ төрийн өмчийг хувьчлахдаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын саналыг авна гэсэн хуулийн заалт бий. Ямар нэг судалгаа хийгээгүй тул УИХ хууль дээдлэх зарчмынхаа хүрээнд хууль санаачлагчид буцаах хэрэгтэй" гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд, "Өнгөрсөн 7 хоногт орон нутгийн сонгуулийн дүнг сонсох саналаа хэлсэн. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт гэхэд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 318 саналын хуудас гарч ирсэн. Мөн МАН өөрсдийн ялалт байгуулсан тойрогт Засаг даргаа сонгоод байдаг. АН ялсан тойрогт Засаг даргыг нь сонгохгүй байгаа нь ардчиллын тулгуур зарчмуудыг гунхуулж байна. Энэ бүх асуудлыг УИХ дээр сонсож, үнэн мөнийг нь тогтоож өгөх хэрэгтэй" хэмээв.

УИХ-ын дарга М.Энхболд, "Тухайн тогтоолыг ярих үед Т.Аюурсайхан гишүүний саналыг ярья" гэсэн бол Л.Болд гишүүнд хандаж "Сонгуулийн Ерөнхий хорооноос хариу ирээгүй байна" гэсэн тайлбар хийв. Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдаан хэлэлцэх асуудалдаа орлоо.

Б.Туул

Холбоотой мэдээ