Шинэ нисэх буудлын барилгын ажлын явц 99.4 хувьтай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-08 15:45:39

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын хэрэгжилт, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын ажлын явц, өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” сэдвээр мэдээлэл хийлээ.

Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогыг УИХ 2013 онд баталжээ. Тус бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх чиглэлд тодорхой ажлуудыг хийсэн. Хууль эрх зүйн хүрээнд зарим хуулийн төслийг яамнаас боловсруулаад байгаа гэдгээ Д.Ганбат сайд мэдээллийнхээ эхэнд тодотгов.

Тэрбээр цааш нь, "Иргэний нисэхийн салбарт шинээр нэг улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан. 21 улсын агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулсан. Зургаан улстай агаарын харилцааны гэрээ шинээр байгуулахаар ажиллаж байна. Агаарын орон зайн багтаамж, нэвтрэн өнгөрүүлэх багтаамжийг нэмэгдүүлэх зорилгоор агаарын зайнд нислэг үйлдэж буй агаарын хоорондын зайг 90 км байсныг 30 км болгосон. Мөн агаарын хөлгийн насжилтыг 2020 оноос эхлэн 20 жилээс дээшгүй байх зорилт тавиад байна.  Өнөөдрийн байдлаар МИАТ компанийн агаарын онгоцны дундаж наслалт 7.5 жил, хувийн авиа компаниудын онгоц санхүүгийн чадамжаас хамааран 24-26 жилийн насжилттай байгаа" гэв.

Үүний дараа салбарын сайд Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшгийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудлын төслийн явц, үүсээд буй хүндрэлийн талаар мэдээлэл хийв. Шинэ нисэх буудлын барилгын ажлын явц одоогийн байдлаар 99.4 хувьтай яваа. Уг буудал нь ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад орох ёстой ч манай талаас хийх хуваарьтай хурдны зам, үерийн хамгаалалт, цахилгаан шугам, шилэн кабель, захиргааны байр зэрэг зарим ажлуудын удаашралтай байгаа аж. Тиймээс шинэ нисэх буудлыг ашиглалтад орох ёстой хугацаандаа буюу ирэх оны тавдугаар сард ашиглалтад оруулж чадмааргүй боломж үүсчээ. Иймд ашиглалтын өмнөх захиргааг байгуулах шаардлага үүссэн байна. 

Түүнчлэн шинэ нисэх буудлын барилгын ажил хоёр сарын дараа ашиглалтад орох үед менежментийг хэрэгжүүлэх компанийг байгуулах, Монголын талын 49 хувьд ногдох хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх шаардлагатай байгаа аж.  

Салбарын сайдын мэдээлэлд дурдсанаар бол шинэ нисэх буудал ашиглалтад орвол "Чингис хаан" нисэх буудлын зэрэглэлийг бууруулж, засвар үйлчилгээ явуулах, сургалт дадлага зохион байгуулах зэрэгт ашиглах гэнэ.

Б.Туул

Холбоотой мэдээ