Жендэрийн тэгш байдлын мөнгөн гэрчилгээг хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2025-06-16 09:00:12

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дэлхийн улс орнууд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганаар “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг батлахдаа “Жендэрийн тэгш байдлыг хангах” зорилгыг дэвшүүлж хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн.


Монгол Улсын Татварын ерөнхий газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй “Жендэр сийл” төслийг амжилттай хэрэгжүүлж Жендэрийн тэгш байдлын мөнгөн гэрчилгээний болзол хангаж, “Дэлхийн шагнал гардуулах ёслол-2025”-ыг энэ сарын 12-нд албан ёсоор цахимаар зохион байгуулж гэрчилгээг хүлээн авлаа.


Ингэснээр Монголын татварын алба Дэлхийн болон Ази номхон далайн бүсийн анхны татварын байгууллага, Монгол Улсын анхны төрийн байгууллага болж байна.


Цахим үйл ажиллагаанд HҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн Жендэр хариуцсан захирал Ракель Лагунас, зөвлөх Эллан Жонсон Сирлиф нараар ахлуулсан ази номхон далайн бүсийн зөвлөхүүд оролцлоо.

Жендэрийн тэгш байдлын мөнгөн гэрчилгээний болзол хангаж ажилласан Татварын Ерөнхий газрын дарга Доктор (Ph.D) Ч.Чимидсүрэн хэлэхдээ, “Бид Жендэр” сийл төслийн үр дүнд албан хаагчийн жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, цаашид жендэрийн мэдрэмжтэй татварын бодлогыг улам төгөлдөршүүлэхэд салбарын чадавхыг байгууллагын хэмжээнд нутагшуулж, тогтвортой хэрэгжүүлэх үндэс сууриа тавьж чадлаа.

Монгол Улсын татварын алба 2025-2028 онд хэрэгжих стратеги төлөвлөгөө болон үйл ажиллагааны төлөвлөгөөнд татвар төлөгч төвтэй инновац, технологийн шийдлийг нэвтрүүлэхийн зэрэгцээ жендэрийн үзэл баримтлал, агуулгыг тусгалаа.

Бид татвар төлөгчид чиглэсэн олон нийтийн татварын боловсролыг олгох 4 жилийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ татвар төлөгч бүрийн онцлог, хэрэгцээг харгалзан үзэж, тэгш хүртээмжтэй татварын боловсролыг олгох зорилтын хүрээнд аль ч зорилтот бүлгийг үл орхигдуулах зарчмыг баримтлан, жендэрийн мэдрэмжтэй зохион байгуулах тал дээр агуулга, сургалтын хэлбэрт анхаарч ажиллаж байна.

Байгууллагын дотоод бодлогын баримт бичиг болон дүрэм, журамд жендерийн агуулга, үзэл баримтлалыг тусгаж оруулснаар бусад төрийн байгууллагуудад манлайлал болж, нийгэмд тодорхой хэмжээний өөрчлөлт авчирна гэж найдаж байна.

Аливаа шийдвэр гаргалтыг үр дүнд суурилсан арга зүйгээр бий болгох, удирдлагын менежментийг нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шударга, ил тод нээлттэй хүргэхэд нэн чухал ач холбогдолтой.

Байгууллага амжилтад хүрэхэд нэг талаас удирдлагын дэмжлэг, манлайлал, нөгөө талаас албан хаагч бүрийн нэгдсэн нэг зорилгын төлөөх идэвх чармайлт, оролцоо чухал” хэмээн онцоллоо.







Холбоотой мэдээ