Таван нэр төрлийн, агууламж арвин бордоо нийлүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК нь ОХУ-ын “Уралхим” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Бест Вестерн Тех” ХХК-тай хамтран ажиллаж, 45 аж ахуйн нэгж, иргэнд таван нэр төрлийн, агууламж арвин 2,163.2 тонн бордоог нийлүүлжээ.
Тус бордоог 21,630 га талбайд ашигласан байна. Бордоог хэрэглэснээр ургамал сайн, жигд ургах, ургацын чанар, хэмжээ нэмэгдэх боломжтой юм. Мэргэжлийн байгууллагаас энэ бордооны хэрэглээ нэг улирлын бус, хөрсний урт хугацааны үржил шимд эерэг нөлөө үзүүлнэ гэж дүгнэсэн байна.
“Хөдөө аж ахуйн
корпорац” нь хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нэгж талбайгаас
авах ургацыг нэмэхээр олон улсын тэргүүн туршлага, технологид тулгуурласан бордоо нийлүүлэхэд анхаардаг. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атрын IV”
аяны хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг бэхжүүлэх, газар тариалангийн
үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэхээр
цогц, стратегийг шат дараатай хэрэгжүүлж байгаа аж.
Манай улс энэ оны
хавар нийт 393.5 мянган га талбайд тариалалт хийжээ.