“Улаанбаатар марафон-2025” уралдаанд 10 мянга гаруй оролцогч бүртгүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-15 09:27:42

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон-2025” уралдааны талаарх  мэдээллийг албаныхан өглөө.


Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Г.Отгонтамир ярихдаа, “Цагдаагийн байгууллагаас жил бүр автомашингүй өдөр болгон "Улаанбаатар марафон" үеэр хөдөлгөөний аюулгүй байдал болон олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг. Энэ жилийн хувьд энэ сарын 24-нд 06:00-18:00 цагт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой гудамж, замд  хязгаарлалт тогтоосон. Замын хязгаарлалттай хэсэгт тээврийн хэрэгслээ үлдээхгүй байх, шаардлагатай тохиолдолд өмнөх өдөр нь тээврийн хэрэгслээ өөр газар байршуулж хөдөлгөөнд оролцох зэргээр уралдаанд саад болохгүй байхыг уриалж байна” гэв.


Мөн зам хаасан хэсэгт цахилгаан хөдөлгүүртэй мотоцикл, унадаг дугуйтай иргэд хөдөлгөөнд оролцож бага насны хүүхэд болон явган зорчигчийг мөргөж гэмтээх тохиолдол бүртгэгддэг. Тиймээс цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарал хандуулж ажиллана. Тиймд, эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ хараа хяналттай байхыг зөвлөлөө.


Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Хонгорзул, “Нийтийн тээврийн бодлогын газраас тэмцээн зохион байгуулахтай холбоотой 53 чиглэлийн 483 маршрутад өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн. Үүнд, Энхтайваны өргөн чөлөө, Нарны замаар үйлчилдэг чиглэл, Их тойруу үйлчилгээ, урдаас хойш чиглэлийн үйлчилдэг Ногоон нуур, Цагдаагийн гудамжаар үйлчилгээ, хойноос урагш чиглэлд үйлчилдэг тээврийн хэрэгслүүд 120 мянгат, Нарны гүүр, Баянбүрдийн тойрог гэсэн ерөнхий маршрутын дагуу үйлчилгээ үзүүлэх юм. Мөн марафоны турш хааж буй гудамж, замыг дайран өнгөрдөг гурван чиглэлийн тээврийн хэрэгсэл түр зогсоно. Уралдаан дууссаны дараа нийтийн тээврийн үйлчилгээ үндсэн маршрутаараа үйлчилгээ үзүүлнэ” хэмээн ярилаа. 


Тэгвэл НЭМГ-ын Эрүүл мэндийг дэмжих, халдварт бус өвчний хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш ярихдаа, “Улаанбаатар марафон 2025 уралдаанд НЭМГ-аас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх суурин зургаан, явуулын дөрвөн нийт 10 баг ажиллана. Мөн хоолны хордлогот халдвараас урьдчилан сэргийлж, хяналт тавихаар 11 улсын байцаагч ажиллахаар бэлтгэл ажлыг хангаад байна” гэв.


Энэ сарын 24-нд болох тус уралдааны бүртгэл энэ сарын 20-нд дуусна. Одоогийн байдлаар 10.000 гаруй оролцогч бүртгүүлснээс 5000 гаруй  нь  эрүүл мэндийн 5 км-ийн гүйлтэд бүртгүүлээд байгаа аж.

 

Холбоотой мэдээ