ДУНДГОВЬ: Аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилахуйн эмнэлзүйн өрөөтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт
сувилахуйн эмнэлзүйн өрөөг тохижуулж, хүлээлгэн өглөө.
Аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Эрүүл
Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн сувилахуйн
тусламж үйлчилгээний гардан үйлдэл болон онолын мэдлэгээ бататган, ур чадвараа
нэмэгдүүлэхэд нь зориулж, ажиллах орчныг ийнхүү бүрдүүлсэн байна.
Тус өрөөнд 19,779,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар гардан үйлдлийн муляж, ширээ сандал, ухаалаг дэлгэц, принтер, яаралтай тусламжийн цүнх, бусад гардан үйлдлийн хэрэглэгдэхүүн зэрэг сувилахуйн эмнэлзүйн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг байрлуулжээ.
“Эрүүл Дундговь” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн оролцоо маш чухал бөгөөд цаашдаа асуудлаа тавьж, шийдвэрлүүлж байхыг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.