Мэргэжлийн боловсролын байгууллагатай хамтран сургалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-30 12:20:47

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Ажил олгогч болон ажил хайгчдын эрэлт хэрэгцээг тодорхойлж, мэргэжлийн боловсролын байгууллагуудтай хамтран урт болон богино хугацааны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж ажиллана.

 

ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцах үеэрээ, “Иргэдийг ажилтай орлоготой болгох, зорилтот бүлгийн хүн амын амьжиргаа, хөгжил оролцоог дэмжихэд анхан шатны байгууллагуудын үүрэг оролцоо чухал. Орон нутагт шинэ батлагдсан журам, үйлчилгээг нэвтрүүлэх, мэдээлэл хоцорч хүрэх зэрэг асуудал ажиглагдаж байна. Иймээс салбар дундын мэдээллийн урсгалыг сайжруулах шаардлагатай.  Мөн “Job center”-ийн үйл ажиллагааг орон нутагт идэвхжүүлэх, хувийн хөдөлмөрийн биржүүдтэй хамтрах, шинэлэг, чирэгдэлгүй хөдөлмөр, халамжийн үйлчилгээг үзүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна” гэв.


Орон нутгийн иргэдэд хөдөлмөр халамжийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай үзүүлэхэд технологийн шийдэл, авто машины хүрэлцээ зэрэг хүндрэл бэрхшээл гардаг. Газар нутгийн онцлогоос шалтгаалж цахим үйлчилгээ иргэдэд хүрэх боломжгүй байдаг учраас шаардлагатай зарим үйлчилгээг цаасан суурьтай үзүүлдэг байх шаардлагатайг салбарын удирдлагууд дурдав.


2024 онд Нийгмийн халамжийн сангаас давхардсан тоогоор 46 мянга гаруй иргэнд 40.2 тэрбум төгрөг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөтөлбөрт 1700 гаруй иргэнийг хамруулж 2.6 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.


Он гарснаас хойш Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 70 гаруй иргэн ажил хайгчаар бүртгүүлжээ.

 

Холбоотой мэдээ