БАЯНХОНГОР: Нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-04-03 09:04:39

Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөвийн мэдээг аймгийн УЦУОШГ-аас ирүүллээ.


Энэ сард хур тунадас Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй бөгөөд сарын эхний хагаст хур тунадас харьцангуй бага, салхи ихтэй байх магадлал өндөр, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байгааг тус газраас мэдээлэв.


Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 хэмээр хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 хэмээр дулаан байх төлөвтэй байна.


Цаг уурын байгууллагын гаргасан дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр сарын эхний долоо хоногт хоног хоорондын өөрчлөлт багатай, температурын хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, салхины хурд харьцангуй их байх магадлалтай байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр нийт нутгаар харьцангуй дулаарах боловч хоёрдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар агаар муудах төлөвтэй байна. Цаашдаа гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд агаарын тогтворгүй өдрүүд үргэлжилнэ.


Энэ сард нутгийн зарим хэсгээр салхи ихтэй хуурай үеүд үргэлжлэн ажиглагдах тул гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Холбоотой мэдээ