Нийтийн эзэмшлийн зам талбайд шалгалт хийхэд нийт 2040 орчим зөрчил илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-03-25 15:14:54

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. НЗДТГ-аас зохион байгуулж буй нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах аяны нэгдүгээр үе шат 14 хоног үргэлжилж, дууслаа.


НЗДТГ-аас хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах хоёр сарын аян эхлүүлсэн. Тус аяны эхний үе шат 14 хоног үргэлжилсэн бөгөөд хяналт шалтгалтаар нийт 2040 орчим зөрчил илэрчээ. 


Энэ талаар УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр ярихдаа, "Нийслэлийн хэмжээнд нийт 2040 орчим зөрчил илэрсний дийлэнх нь  байгууллагын хаягжилт, инженер хангамж дэд бүтэц, тохижилт ногоон байгууламж, замын асуудалтай холбоотой байна. Эдгээрийг богино, дунд, урт хугацаанд шийдэх боломжтой гэж ангилан эхнээс нь арилгуулахаар ажиллаж байна.Тухайбал Нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт гэрэлтүүлгийн шон, худгийн таг, кабелийн утас гарсан зэрэг богино хугацаанд шийдэх боломжтой 100 гаруй зөрчлийг шийдээд явж байна. Цаашид чиг үүргийн байгууллагад мэдээлэл хүргэнэ хэмээв.



Холбоотой мэдээ