ЗАВХАН: Ойн сангаа хамгаалахыг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Өнөөдөр дэлхийн ойн өдөр. Энэ жил
дэлхий даяар ойн өдрийг “Ой
ба хүнс” сэдвийн дор тэмдэглэж байна.
Завхан аймаг ойн сан бүхий газар нутаг, талбайн хэмжээгээрээ улсад зургаадугаарт ордог.
Монгол Улсын ойн сангийн хэмжээ 18.6 сая га, үүнээс Завхан аймгийн ойн сан 732 035 га, хамгаалалтын бүсийн ой 73 хувь, ашиглалтын бүсийн 27 хувийг эзэлдэг. Монгол орны ойрхог чанар 8 хувь бол Завхан аймгийн ойрхог чанар 5,6 хувь юм. Ойн сангийн талбайн хэмжээгээр Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган аймгийн дараа ордог.
Дэлхийн хуурай
газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгийг хамгаалах, байгаль экологийн
тэнцвэрт байдлыг хадгалах зорилготой өдөр бол гуравдугаар сарын 21-ний өдөр юм.
Монгол Улс 2015 оноос эхлэн энэ өдөр ойн олон талын ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн. Тиймээс ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2021 онд санаачлан, 2030 он хүртэл иргэд, аж ахуйн нэгжүүд жилд 130 сая мод тарихыг зорьж байна.
Завхан аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ойжуулалтыг жил бүр үр дүнтэй зохион байгуулж, шинээр тарьж ургуулж байгаа модны амьдралтын хувийг нэмэх, арчилгаа тордлогоог хийхийг чухалчилж байна. Жил бүр мод тарих ажлыг тодорхой төлөвлөгөөний хүрээнд хийж байна.
Өнгөрсөн онд 1743 иргэн, 193 аж ахуйн нэгж, байгууллага мод тарьж, аймгийн хэмжээнд 532 мянган мод тарьж, арчлан ургуулж байна. Эдгээр тарьсан модны амьдралт 85-90 хувьтай байна.
Дэлхий даяар 1,6 тэрбум хүн ойгоос амьдрал ахуйгаа залгуулж байна. Ой бол хүнс гэсэн сэдэв цаг үеэ олсон сэдэв юм. Ойд жимс, самар, мөөг гэх мэтчилэн идэх юм их байдаг төдийгүй элдэв төрлийн ургамал, үндэс, эмийн ургамал гээд бидний хэрэглэдэг олон зүйлс бий. Бид ойд орж дуртайгаа аваад гардаг.
Монгол орны ойн сан нь дэлхийн экосистемийн нэн чухал хэсэг бөгөөд олон зүйлийн амьтан, жигүүртэн шувуудын амьдрах орчин болдог.
Тиймээс алдаж боломгүй үнэ цэнтэй
ой модоо хайрлан хамгаалж нөхөн сэргээдэг байх нь бидний үүрэг
хариуцлага юм гэж гэж Завхан аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.