Гадаад улсын Элчин сайд нарт сар шинийн баярыг сурталчлан таниулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2025-03-07 21:56:02

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нарт сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, золгов.


Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сар нь төрт ёс, тусгаар тогтнолын бэлгэдэл, өв соёл, оюун санааны дархлаа юм. Энэхүү уламжлалт зан заншлаа гадаад улсаас манай улсад суугаа ДТГ-ын тэргүүн нарт сурталчлан таниулахын зэрэгцээ өөрийн өв соёлоороо дамжуулан эв нэгдлийн бэлгэдэл болгож ийнхүү Сар шинийн золголт зохион байгууллаа.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүрэлцэн ирсэн зочдод хандаж Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр , ариун цагаан сэтгэл, эв эе, ашдын заяаг бэлгэдсэн манай сайхан ёс заншил харилцан хүндэтгэл, хамтын нөхөрлөл, амжилт бүтээлийг улам батжуулахын ерөөл өргөж, монгол ёс заншил, соёлын үнэ цэн, цагаан сарын уламжлал, бэлгэдлийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.


АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган: Миний хувьд Монголд ирээд гурав дахь жилдээ Сар шинийн баярыг тэмдэглэж байна. Монголчууд Цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэдэг. Монголчуудын үндэсний баяр Цагаан сар бол төрөл төрөгсөд, ураг удмаараа баярладаг гэр бүлийн баяр төдийгүй өв уламжлал, түүх соёлоо үеэс үед түгээн дэлгэрүүлж байдаг ёс заншлын үл тасрах хэлхээ юм гэж ойлгодог. Та бүхэн минь Сар шинэдээ сайхан шинэлээрэй.


НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн: Миний хувьд анх удаа Цагаан сарын баярыг тэмдэглэж байна. Цагаан сарын өдрүүдэд “Амар байна уу”, “Сайхан шинэлээрэй” гэдэг үгийг сурлаа. Цагаан сар нь ижий аав, өтгөс буурлуудаа хүндлэн дээдэлсэн төрт ёсны баяр болохыг нүдээрээ үзлээ. Монгол үндэсний өв соёл ямар их баялаг, өргөн агуулгатай болохыг ойлгож мэдэрч байна. Монголчуудын өв уламжлалын нэгээхэн хэсэг болсон мэт мэдрэмжийг биеэрээ мэдэрч байгаадаа таатай байна.


АХБ-ны Монголыг хариуцсан захирал Шэннон Каулин: Азийн Хөгжлийн Банкны Монгол Улсыг хариуцсан захирлаар ажиллах хугацаандаа хоёр дахь Цагаан сараа тэмдэглэж байна. Элчин сайд нарт зориулсан өнөөдрийн золголты үеэр монгол өв соёлыг мэдэрч, урлагийн үзүүлбэр үзсэндээ баяртай байна. Бид Монголын хөгжил дэвшилд гар бие оролцож, төр засагтай нягт хамтран ажилладаг. Тэр дундаа ГХЯ, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран ажилладагтаа таатай байдаг. Мөн Монголын үндэсний хувцас дээлийг өмсөхөд маш тухтай мэдрэмж төрж байна. Азийн Хөгжлийн Банкны нийт ажилтан ажиллагсад болон хувиасаа монголын ард түмэнд Цагаан сарын мэнд дэвшүүлье.


ИБУИНХУ-аас Монгол Элчин сайд Фиона Блит: Цагаан сарын баярыг би хоёр дахь удаагаа тэмдэглэж байна. Монгол түмний өв уламжлал, ёс заншлыг илүү таньж мэдэх боломж олгосон ГХЯ-ны хамт олонд гүн талархал илэрхийлье. Энэхүү тэмдэглэлт баяр нь монгол үндэсний түүх соёлыг илтгэдэг баяр юм. Дээл өмсөж байгаадаа өөрийгөө азтайд тооцож байна. Дээл тансаг, өмсөхөд эвтэйхэн төдийгүй олон зуун жилийн өмнө зохиогдсон загвартай ч ер хуучирдаггүй юм байна.


Энэ үеэр үндэсний язгуур урлагаа сурталчлан ястан үндэстний хувцасны үзүүлбэрийг үзүүлснээс гадна монголчуудын эрхэмлэн дээдэлдэг үнэт зүйлс гоёл, чимэг хэрэгсэл, тоглоом наадгай, бичиг үсэг, дуу, бүжгийн соёлыг танилцуулсан юм. 

 







Холбоотой мэдээ