ДУНДГОВЬ: Танин мэдэхүйн цэцэрлэгт хүрээлэн байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-03-06 16:48:51
altantogos

Мандалговь, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дундговь аймгийн ЗДТГ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Тэрбум мод” ТББ-тай хамтран “Танин мэдэхүйн” цэцэрлэгт хүрээлэн байгуулна. 


Цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх З.Мөнхбат, “Тэрбум мод” ТББ-ын Захиргаа, хууль эрх зүйн албаны дарга Г.Энхтайван нар тус аймагт ажиллаж, хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.


Уг санамж бичигт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, сурталчлан таниулах ажлыг хамтран зохион байгуулах, цэцэрлэгт хүрээлэн байгуулах газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батлуулах, шаардлагатай дэд бүтцийг татах, цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсвийг аймаг, орон нутгийн төсвөөр гүйцэтгэх, бүтээн байгуулалтын ажлыг Төрийн бус байгууллагатай хамтран хөрөнгө босгох, харилцан мэдээлэл солилцох зэрэг асуудлыг тусгажээ.


2020 оны Монгол орны цөлжилтийн үнэлгээгээр тус аймгийн нийт газар нутгийн 50-70 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн гэсэн дүгнэлт гарсан.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дундговь аймаг 30 сая мод, сөөг тарьж ургуулах гэрээ байгуулж, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, хамгаалах, элсний нүүдлийг сааруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр дэд хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж байна.


Тодруулбал, тус аймгийн хэмжээнд 2021-2023 онд 285,529, 2024 онд 154,166 мод, сөөг тарьж, хот суурин газрын ногоон байгууламжийн эзлэх хувь нэмэгджээ. 



Холбоотой мэдээ